Монгол өвийг сурвалжлан таниулсан суут эрдэмтэн - В.Л.Котвич
ТОЙМ
УЛААНБААТАР, 2025 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол судлалыг хөгжүүлэх, монгол хэл, аман зохиол, эх бичиг, түүх, соёлыг судлахад польш түмний дундаас төрсөн авьяаслаг эрдэмтэн Владислав Людвигович Котвичийн оруулсан жинтэй хувь нэмрийг монголчууд үеийн үед санан дурссаар байдаг.
БНМАУ-ын Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүнээр өргөмжлөгдөж байсан энэ хүн 1872 оны гуравдугаар сарын 20-нд тэр үеийн Вильно буюу өнөөгийн Литва улсын нийслэл Вильнюс хотод төржээ. Тэрбээр 1890 онд тус хотын гимназийг алтан медальтай төгсөж, Петербургийн их сургуулийн дорно дахины хэлний ангид элсэн орсон бөгөөд 1895 онд монгол, манж, хятад хэлийг эзэмшин төгсөөд сургуульдаа багшаар үлдэн ажиллав. Улмаар 1900 онд Дорно дахины хэлний тэнхимийн эрхлэгчээр дэвшин ажиллах болсон нь монгол судлалыг хөгжүүлэх, энэ салбарт залуу эрдэмтдийг бэлтгэх их ажлынх нь эхлэл байлаа.
В.Котвич оюутан байхаасаа халимаг хэл аялгууг судлах шинжилгээний ангид удаа дараа оролцож байсан бөгөөд 1905 онд “Халимаг ардын оньсого, зүйр цэцэн үгс” бүтээлээ орос орчуулгын хамт туурвиж, 1910 онд туульч Овлайн Элээгийн хайлсан “Жангар” туульсын 10 бүлгийг тод үсгээр, 1915 онд «Халимаг ярианы хэл зүйн бичиг», “Одоогийн халимаг хэлний тийн ялгал» зэрэг ном, эрдэм шинжилгээний өгүүллүүдээ бичсэн нь өнөөг хүртэл монгол хэл, ардын аман зохиолын судлалд ашиглагдаж байна.
Сүрлэг өндөр уулын оргилоос урсах эх ундарга нэгтэй гол мөрнүүд голдирлоо дагаад зүг бүр тийш салбарлан урсдаг. Үүнтэй адилаар монгол үндэстний ардын аман зохиолоос үүсэлтэй, сэр сэр салхитай сэрүүн сайхан Алтай, бур бур хуртай Бурхан бумбын орноо магтан дуулдаг Жангар тууль нь цагийн эрхээр өргөн уудам нутагт өөлд, дөрвөд, торгууд, халх, халимаг зэрэг өөр өөр аялгуугаар дуудагдах болжээ.
Монголын уран зохиолын эрдэнэсийн санд орсон биет бус өвийн
энэхүү үнэт дээжийг олж цуглуулах, бичгийн хэлэнд буулгах нөр их ажлыг В.Котвич
санаачлан гүйцэтгэжээ.
В.Котвич Монголд
Чин ван М.Ханддорж тэргүүтэй Монголын төлөөлөгчид 1913 онд
Хаант Орос улсын нийслэл Петербург хотод айлчлах үеэрээ зургаан хүнийг
“Эрдэнийн очир” одонгоор шагнасны нэг нь нэрт монгол судлаач В.Л.Котвич байлаа.
Түүний 1914 онд бичсэн «Орчин үеийн Монголын түүх, улс төрийн хураангуй» гэдэг бүтээл нь өнөөг хүртэл Монголын түүхийг судлахад чухал хэрэглэгдэхүүн болсоор байна. Уг номд Манжийн дарлалын эсрэг Монголын ард түмний өрнүүлсэн 1911 оны эрх чөлөөний хөдөлгөөнийг талархан бичжээ. Тухайн үед Хаант Оросын Сангийн яамны Дорнод хэлтсийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан алтай хэл судлаач Котвич Монголд ирж, Орхоны хөндийд судалгааны ажил хийж байхдаа Хүрээнд байсан Хаант Оросын засгийн газрын төлөөлөгч И.Я.Коростовецтай хамтран шинэ тулгар Богд Хаант Монгол Улсын газрын зургийг зохиосон нь И.Майскийн номд, мөн Германд хэвлэгдсэн өөрийнх нь номд бий. Тэрбээр Азийн хэд хэдэн улсад Оросын байгууллага, пүүс компаниудыг байгуулалцаж байсан тул Монголын улс төр, эдийн засгийн байдлыг сайн мэддэг байв.
Нэрт эрдэмтэн 1912 оны хавар Ж.Цэвээн, К.М.Масков нарын хамт Монголын хойд нутаг, Орхон голын сав нутгаар хээрийн шинжилгээний ажлуудыг гүйцэтгэснээр монгол, түрэг хэлний үсэг бичгийн судалгаанд чухал хувь нэмэр оруулсан байна. Их Хүрээ, Монголын төв болон баруун аймгуудаар явж байхдаа сүм хийдийн төлөөлөгчид, янз бүрийн давхаргын хүмүүстэй уулзаж, тэр үеийн Монголын амьдрал ахуй, засаг захиргааны бүтэц, нийгмийн харилцааг нягт нарийн судалжээ.
Монгол хэл соёл, түүхийг гаргуун мэддэг В.Котвич Богд Хаант
төрд нөлөө бүхий дээд ноёд, лам нартай захидлаар харилцаж бичихдээ, дэлхий
дахины ёс журмыг сайн мэдэх эрдэмтэй хүмүүс чухал болохыг дурдаж, сургууль
байгуулж, ноёдын ба харц ардуудын хүүхдүүдийг ялгалгүйгээр Монголд тустай
эрдэмд сургахыг зөвлөж, “Эрдэм ухаантан үгүй хаан төр өнө удаан тогтож эс чадна” гэдгийг сануулж байжээ.
Эрдэм шинжилгээ-судалгааны багийг удирдан ажиллахдаа тэрбээр монгол
бичиг үгсийн дурсгалыг нээн олох, түүнийг тайлан унших, судлах ажилд ихээхэн
хүчин чармайлт гаргасан юм. Жишээ дурдахад, түүний удирдсан судалгааны экспедиц
Тогоонтөмөр хааны зарлиг бүхий монгол бичээсийг Эрдэнэзуугаас олсноос гадна
1289 ба 1365 онуудад монголын их хаадаас Францын хаадад илгээсэн захидлуудыг тайлан уншиж, утга агуулгыг нь нарийвчлан тогтоосноос
гадна “Монголын нууц
товчоон”-ы
эх бичгийн түүх, Монголын эртний мөнгөн тэмдэгтүүдийн талаар сонирхолтой
өгүүллүүд бичсэн байна.
Онцолбоос, исламын ертөнцөд монголчуудын байгуулсан Ил хаант улсын дипломат
харилцааны үнэт дурсгал бичиг болох дээрх захидал бичгүүд дэлхийн хэд хэдэн
оронд хадгалагдаж байдаг. Тухайлбал, Ил хаант улсын Өлзийт хаанаас 1305 онд
Францын IV Луи Филипп хаанд илгээсэн захидлыг дурдаж болно. XIII-XIV зууны үеийн
Монголын эзэнт гүрний гадаад харилцааны түүхийг өгүүлэх энэхүү үнэт эх сурвалжийг
В.Котвич судлаад “XIII зуунд монголчууд дэлхий дахины энх амгалангийн асуудлыг
сэдэж үүсгэжээ” хэмээн дүгнэсэн байдаг.
Котвичийн судалгааны ангийн цуглуулсан асар их материал өдгөө
Польшийн ШУА-ийн архивт хадгалагддаг. Польш, Монгол, Японы эрдэмтэд хамтран түүний бүтээлүүдээр
“In the Heart of Mongolia: 100th Anniversary of W.Kotwicz’s Expedition to
Mongolia in 1912” гэдэг нэртэй номыг хэвлэн гаргасан байдаг.
Түүнээс гадна, В.Котвич монгол судлалыг цаашид залгамжлан хөгжүүлэх судлаачдын бүхэл бүтэн шинэ залуу үеийг сурган бэлтгэсэн нь монгол судлалд түүний байгуулсан үнэлж баршгүй их гавьяа юм. Тухайлбал, Ойрадыг судлуулахаар Б.Я.Владимирцовыг Ховдын хязгаар руу, Н.Очировыг Халимаг руу, А.Рудневийг Өвөр Монгол руу, Ж.Цэвээнийг Буриад руу, бусад судлаачийг Манжуур руу тус тус илгээж, янз бүрийн ястан угсаатны хэл соёл, аман зохиол, түүх, зан үйл, шашин шүтлэгийг судлуулсан нь дэлхий дахинд монгол судлалыг хөгжүүлэхэд чухал түлхэц болжээ. Түүний шавь нарын дотор монгол судлаач С.Козин, Ц.Номинханов гээд алдартай эрдэмтэд бий. Түүнчлэн манай нэрт эрдэмтэн Бямбын Ринчен гуай Петербургт суралцаж байхдаа энэ хүнээс номын дуу сонсож байсан гэдэг.
В.Котвич 1920-1922 он хүртэл Ленинградын Дорно дахины
судлалын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаад Польшийн Ян Казимежийн их
сургуульд Алс дорнодын тэнхимийн эрхлэгчээр томилогджээ. Тэр цагаас хойш
Польшид дорно дахины судлалыг хөгжүүлэх үйлст идэвхтэй оролцсон юм. 1927 онд
тэрбээр «Rocznik Orientalistyczny» (Дорно дахины судлалын жил тутмын сэтгүүл)
сэтгүүлийн ерөнхий редактороор томилогдсон байна. Мөн 1902 оноос эхлэн
“Collectanea Orientalia” /Дорно дахины судлалын эмхэтгэл/ цуврал бүтээлүүдээ
өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн 1939 он хүртэл гаргаж байв. Дараа нь 1930-аад оны
эхээр Львов хотын Ян Казимежийн их сургуулийн дорно дахины судлалын багш нарын
санаачилгаар Польшийн Дорно дахины судлалын нийгэмлэгийг байгуулахад В.Котвич
анхны даргаар нь сонгогдон 1944 оны 10 дугаар сарын 3-нд насан өөд болтлоо
ажиллажээ.
Алтай судлалын тэргүүлэгч эрдэмтэн
Орост 25 жил, Польшид 20 жил амьдрахдаа В.Л.Котвич алтай хэл
шинжлэл, монгол судлал, халимаг судлалаар 150 орчим бүтээл туурвисан байна. Тэрбээр
1930-аад оноос хойш Алтай хэлнүүдийг харьцуулан судалж эхэлсэн бөгөөд Алтайн
хэл шинжлэлд чухал байр эзлэх бүтээлүүдээ туурвисан юм. Эдгээр бүтээлийн гол
зорилго нь Алтайн овгийн хэлнүүдийн хооронд байсан, одоо ч байсаар буй харилцан
шүтэлцээ холбоог тодорхойлоход оршиж байв. Тэрбээр тухайн үедээ Урал-Алтай
хэлний бүлэг гэгдэж байсан ангиллыг үгүйсгэж, унгар, эстон, фин хэлийг
багтаасан урал хэл бол тусдаа бүлэг гэдгийг тогтоожээ. Тэр ч байтугай Алтай
овгийн хэл гэгдэх манж тунгус, монгол, түрэг хэлнүүд нь гарал үүслийн хувьд ижил
биш, харин хожим худалдаа наймаа өргөжих үед хоорондоо ойртож ижилссэн /конвергенц/ гэж үздэг
байв. Эдгээр дүгнэлтээ В.Котвич “Studia
nad językami ałtajskimi”/Алтайн хэлнүүдийн судалгаа/ гэдэг бүтээлдээ тодорхой тайлбарласан
байдаг.
Ташрамд, хүмүүсийн бараг мэддэггүй нэгэн сонирхолтой баримтыг дурдахад, 1940 онд В.Котвич Вильнюс хотноо “Литва хэлний дүрэм. Хураангуй хичээл” гэдэг номоо хэвлүүлжээ.
Түүний нөр их хөдөлмөр, Дорно дахины судлалд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Польшийн ШУА-ийн жинхэнэ гишүүн, ЗХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, БНМАУ-ын Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүнээр сонгож байв.
Үргэлж мэдлэгт тэмүүлж, өөрийгөө гэгээрүүлж, төгөлдөржүүлэн
хөгжүүлэхийн төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, боловсролын үнэ цэнийг гүнзгий
мэдэрснээр агуу их амжилтад хүрэх боломжтой гэдгийг өөрийн жишээгээр харуулсан
хүн бол чухамдаа Владислав Людвигович Котвич юм.