“Пеликанс” Австралид тоглосон NBA-ийн анхны баг болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МЕЛЬБУРН, 2025 оны гуравдугаар сарын 11 /AFP/. “Нью-Орлеанс Пеликанс” баг ирэх 10 дугаар сард улирлын өмнөх хоёр тоглолтоо Австралид хийснээр тус улсад тоглосон NBA-ийн анхны баг болно гэж зохион байгуулагчид мягмар гарагт мэдэгджээ.
Австралийн нээлттэй тэмцээн болдог “Мельбурн
Парк” цэнгэлдэх хүрээлэнд тус баг “Мельбурн
Юнайтед”, “Мельбурн Финикс” багуудтай хоёр тоглолт хийх ажээ.
Австралийн Үндэсний сагсан бөмбөгийн лигийн /NBL/ эзэн Ларри Кестельман хэлэхдээ, Австралийн сагсан бөмбөг болон NBL-ийн хувьд энэхүү үйл явдал нь ихээхэн ач холбогдолтойг онцоллоо. Австралид NBA-ийн багийн тоглолтыг зохион байгуулах нь NBL дэх бүх багийн мөрөөдөл байсан бөгөөд 15 жилийн хүчин чармайлтын үр дүнд энэ санаачилга биеллээ олох гэж буй нь “томоор мөрөөдөхийн” ач холбогдлыг харуулж байна гэж тэрбээр ярьжээ.
NBA-ийн бүх оддын
тоглолтод хоёр удаа оролцсон Зайон Уильямсон, шилдэг холбон тоглогч
Дежунте Мюррей нарын
сагсанбөмбөгчдөөс бүрдсэн “Пеликанс” баг 10 дугаар сарын
3, 5-нд Австралид тоглох юм.
“Пеликанс”-ын ерөнхийлөгч Деннис Лауша хэлэхдээ, энэ бол бидний хувьд сэтгэл хөдөлгөм мөч бөгөөд NBA-ийн дэлхий дахинд үзүүлэх нөлөө улам бүр өсөн нэмэгдэж байгааг гэрчилж байна гэлээ. “Пеликанс болон NBA-г Австралид анх удаа авчирч буй нь бахархалтай үйл явдал мөн. Бид Мельбурн дахь хөгжөөн дэмжигчидтэйгээ уулзах болсондоо баяртай байна" гэж тэрбээр хэлжээ.