Аваргуудын лигийн шөвгийн 8-ын дөрвөн баг тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-03-12 10:11:32

МОСКВА, 2025 оны гуравдугаар сарын 12 /РИА Новости/. Испанийн “Барселона” баг Португалын “Бенфика”-г талбайдаа хожсоноор Аваргуудын лигийн шөвгийн 8-д шалгарлаа.  


Барселона хотод болсон тоглолтод талбайн эзэд 3:1 харьцаагаар өрсөлдөгчөө хожсон бөгөөд Рафинья 11 ба 12 дахь минутанд дубль хийсэн бол Ламин Ямаль 27 дахь минутанд гурав дахь гоолыг оруулсан байна. “Бенфика” багийн Николас Отаменди 13 дахь минутанд гоолджээ.  


Энэ удаад Л.Ямаль /17 нас 241 хоногтой/ Аваргуудын лигийн тоглолтод гоол оруулсны зэрэгцээ оновчтой дамжуулалт хийсэн хамгийн залуу тоглогч болж, Брель Эмологийн 2014 онд тогтоосон /17 нас 263 хоног/ амжилтыг эвдлээ. Харин дубль хийсэн Рафиньягийн хувьд, Аваргуудын лигийн нэг улиралд 11 гоол оруулсан анхны бразил хөлбөмбөгчин гэдгээрээ түүхэнд бичигдэв.  


Лиссабонд болсон хоёр багийн эхний тоглолтод “Барселона” хожиж, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр /4:1/ ийнхүү шөвгийн 8-д шалгарснаар “Боруссиа”, “Лилль” багуудын хожсонтой нь тоглохоор болов.  


Мөн өчигдөр болсон шөвгийн 16-гийн хариу тоглолтод “Интер Милан” баг Роттердамын “Фейенорд”-ыг талбайдаа 2:1-ээр хожсоноор шөвгийн 8-д шалгарлаа.  Тоглолтын 8 дахь минутанд Маркус Тюрам, 51 дэх минутанд Хакан Чалханоглу нар гоол /пенальти/ оруулсан зочин багийн Якуб Модер 42 дахь минутанд гоолджээ. Эхний тоглолтод 2:0-ээр хожсон Италийн баг одоо шөвгийн 8-д Мюнхений “Бавариа” багтай тоглоно.


Харин мюнхенчүүд өчигдөр өөрийн талбайд Леверкузений “Байер” багийг 2:0 харьцаагаар илүүрхсэнээр Аваргуудын лигийн тэмцээний дараагийн шатанд шалгарсан байна. Тоглолтын 52 дахь минутанд Харри Кейн, 71 дэх минутанд Альфонсо Дэвис нар гоол оруулжээ.

Кейний хувьд, Аваргуудын лигийн энэ улиралд 10 дахь гоолоо оруулснаар ийм амжилтанд хүрсэн түүхэн дэх анхны англи тоглогч болж байна. Өдгөө 31 настай тэрбээр Аваргуудын лигийн тэмцээнд нийтдээ 39 гоол оруулж, 11 оновчтой дамжуулалт хийгээд байгаа нь Дэвид Бекхэмийн дараа орох /16+36/ үзүүлэлт юм.


Мөн өчигдөр болсон 4 дэх хариу тоглолтод Францын “Пари Сен-Жермен” баг Английн “Ливерпүүл”-ийг торгуулийн цохилтоор хожсоноор шөвгийн 8-д шалгарлаа. Ливерпүүл хотод болсон хариу тоглолтын үндсэн цагийн 12 дахь минутанд Усман Дембеле гоол оруулж, 1:0 харьцаагаар францчууд хожсон бол эхний тоглолтод ливерпүүлчүүд мөн харьцаагаар ялсан юм. Ингээд тоглолтын нэмэлт цагт аль аль нь гоол оруулаагүй тул торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахад “ПСЖ” багийнхан 4:1-ээр илүүрхлээ.  


Одоо шөвгийн 8-д тус баг Бельгийн “Брюгге”, Английн “Астон Вилла” хоёрын хожсонтой нь тоглоно.  

Холбоотой мэдээ