ӨВӨРХАНГАЙ: Марш тактикийн тэмцээн эхэллээ
ФОТО МЭДЭЭ
Арвайхээр, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 104 жилийн ойн хүрээнд Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 256 дугаар ангиас 10 гаруй төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж байна. Өнөөдөр аймгийн Засаг даргын ивээл дор Марш тактикийн аварга тасаг шалгаруулах тэмцээн эхэлж, жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтоор нээлтээ хийлээ.
Тэмцээнд “Арвайхээр” цэргийн хүрээний төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын баг тамирчид оролцож, зэвсгийн болон химийн норматив, байр зүйн координат олох, зэвсэгтэй болон зэвсэггүй хийх жагсаалын үзүүлбэр зэргээр өрсөлдөнө.
Мөн энэ үеэр Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж, орон тоонд байгаа зэвсэгт, техникийн үзэсгэлэнг гаргаж байна. Мөн хугацаат цэргийн албан хаагчийн хүнс, хувцас, ахуй хэрэглэлийн нормыг олон нийтэд танилцуулж, цэргийн хоолны амталгааг зохион байгууллаа.















