ӨМНӨГОВЬ: Хошууч генерал П.Даш Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-03-19 16:14:27

Даланзадгад, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул хошууч генерал П.Даш Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ.

 

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гарган, Онцгой байдлын байгууллагаас доктор, профессор, хошууч генерал Г.Дашийг гавьяат цолоор ийнхүү шагнажээ.

 

Хошууч генерал П.Даш нь Засгийн газрын 2004 оны I тогтоолоор Иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газар, Гал түймэртэй тэмцэх газрыг нэгтгэн Онцгой байдлын ерөнхий газрыг байгуулахад анхны даргаар томилогдон 2007 оныг хүртэл ажилласан юм.

 

П.Даш нь ажиллах хугацаандаа иргэний хамгаалалтын уламжлалт ойлголтоос гамшгаас хамгаалах үзэл баримтлалд шилжүүлж гамшгаас хамгаалах тухай хуулийг батлуулан, хэрэгжилтийг хангаж, улмаар шинэ тутам үүсгэн байгуулсан гамшгаас хамгаалах чиг үүрэгтэй тохируулагч агентлагийг эмхлэн байгуулах, гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах байгууллагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, гамшгийн менежментийг боловсронгуй болгох талаар санаачилга гарган үлгэр ажиллажээ.

 

Түүний хичээл зүтгэлийн үр дүнд Онцгой байдлын байгууллагын эрх зүйн орчин шинэчлэгдэж, гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх чадавх дээшилж, алба хаагчдын нийгмийн хамгаалал сайжирсан юм.

Холбоотой мэдээ