Меркель, Кэмерон хоёр Сирийн байдлыг хэлэлцэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-10 12:17:37

ЛОНДОН. /RIA Novosti/.  Сирийн байдал ихээхэн аюул учруулж байгаа боловч улс төрийн арга замаар зохицуулах ёстой гэж Германы Канцлер Ангела Меркель, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон нар мэдэгджээ.

Меркель, Кэмерон нар Их Британийн Ерөнхий сайдын хотын гадна орших өргөөнд баасан гарагийн орой ажлын оройн зоог барьсан байна. Талууд Сири болон Украины байдлыг хэлэлцжээ.

“Уулзалтын үеэр “Лалын улс” бүлэглэлээс учирч буй аюул занал зэрэг Сирид үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлэлцлээ. Мөргөлдөөнийг улс төрийн арга замаар зохицуулах нь чухал болохыг талууд онцлон тэмдэглэсэн” гэж Их Британийн Ерөнхий сайдын хэрэг эрхлэх газрын төлөөлөгч хэлсэн байна.

Түүний хэлснээр, Меркель, Кэмерон нар хоёр талын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, мөн “Лалын улс”-ын босогчдын учруулж буй аюулыг багасгахын тулд түншүүдтэйгээ нягт хамтран ажиллах ёстой гэдэгтэй санал нэгджээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ