ЗАВХАН: Самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэг тамирчнаар Г.Саранзаяа тодорчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны гуравдугаар
сарын 24 /МОНЦАМЭ/. Завхан аймагт Ц.Болдбаатарын нэрэмжит самбо бөхийн өсвөр
үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж 400 гаруй тамирчин өрсөлджээ.
Самбо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 16 аймаг, 9 дүүргийн 32 багийн 400 гаруй тамирчин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
Багийн дүнгээр, эрэгтэй тамирчдын тэргүүн байрыг Олон улсын хэмжээний мастер Ц.Тэнгис дасгалжуулагчтай Magic Team клуб, хоёрдугаар байрыг спортын мастер Д.Балжинням дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн Биеийн тамир спортын газрын баг, гуравдугаар байрыг Монгол улсын гавьяат дасгалжуулагч Б.Хаштогтохын Сонгино хайрхан дүүргийн Хаан хүнс импекс клубүүд эзэлжээ.
Эмэгтэй багуудаас багийн дүнгээр тэргүүн байрыг Монгол улсын гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаагийн Хан-Уул дүүргийн Женко клуб, хоёрдугаар байрыг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Хаштогтохын Сонгинохайрхан дүүргийн Хаан хүнс импекс клуб, гуравдугаар байрыг Олон улсын хэмжээний мастер Д.Баянмөнх дасгалжуулагчтай Завхан аймгийн Биеийн тамир спортын газрын багууд тус тус эзэлжээ.
Шилдэг эмэгтэй тамирчнаар Завхан аймгийн Биеийн тамир спортын газрын тамирчин Г.Саранзаяа, шилдэг эрэгтэй тамирчнаар Дархан-Уул аймгийн Биеийн тамир спортын газрын тамирчин А.Сумьяабазар нар тус тус шалгарлаа.
Тэмцээнийг Монгол Улсын Самбо бөхийн
холбоо, Ургамал сумын ЗДТГ, ИТХ хамтран зохион байгууллаа гэж Завхан аймгийн
Биеийн тамир спортын газраас мэдээлэв.
Ташрамд, бөхийн самбо барилдааны Ази тивийн хошой аварга, дэлхийн цомын аварга, дэлхийн залуучуудын аварга, дэлхийн насанд хүрэгчдийн хошой мөнгөн медальт, аймгийн арслан, олон улсын хэмжээний мастер Цэрэндондойн Болдбаатар нь Завхан аймгийн Ургамал сумын уугуул юм.