Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд хийсэн үнэлгээг танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ЮНЕСКО болон “Глоб интернэшнл” төвөөс “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хэлэлцүүлэг”-ийг Гадаад харилцааны яаманд өнөөдөр зохион байгууллаа.
НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Яап ван Хиердэн
хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ, “Монгол Улсын Их Хурлаас 1998 онд Хэвлэл
мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг баталсан нь хэвлэлийн хараат бус байдлыг хангах,
үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахад чиглэсэн чухал үйл явдал болсон
юм. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн салбарт гарч буй хурдацтай
өөрчлөлт нь хууль, эрх зүйн орчныг орчин үеийн сорилттой нийцүүлэн өөрчлөх
шаардлагыг бий болгож байна. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурал 1998 онд баталсан
хуулиа олон улсын жишиг, сайн туршлагад нийцүүлэх үүднээс шинэчлэн найруулах
ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай. Хэвлэл мэдээллийн тухай
шинэ хууль нь сэтгүүл зүйн хараат бус байдлыг хамгаалж, хууль бус
хязгаарлалтаас урьдчилан сэргийлж, олон ургалч үзэл, олон талт байдлыг хангана
гэдэг итгэлтэй байна” хэмээн онцлов.
Монгол Улсын Засгийн газраас Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Хууль санаачлагчид тус хуулийн төслийг боловсруулах ажил, ялангуяа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой зүйл, заалтуудыг олон улсын стандарттай нийцүүлэн боловсруулахад дэмжлэг хүсэж ЮНЕСКО-д хандсаны дагуу Канад Улсын “Хууль ба Ардчилал" төв тус хуулийн төсөлд техникийн дэмжлэг үзүүлэхээр ажиллажээ. Тэд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан олон улсын стандарт, үндэстнүүдийн шилдэг туршлагад үндэслэн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үнэлгээ хийснээ тус хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан юм.
“Хууль ба Ардчилал" төвийн гүйцэтгэх захирал, зөвлөх, хуульч Тоби Мендел энэ тухайд, “Монгол Улсын Засгийн газар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиа шинэчлэн найруулж, УИХ-д өргөн барьсан нь эерэг бөгөөд эрүүл чиг хандлага юм. Тус хуулийн төсөл нь хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад чиглэсэн болох нь илт байна. Тухайлбал, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд төр хөндлөнгөөс оролцохыг хориглох, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрийн зохицуулалтыг бий болгох, түүнийг нь хүлээн зөвшөөрөх, сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах, сэтгүүлч эх сурвалжаа нууцлахтай холбоотой олон чухал заалтыг багтаасан байна” хэмээв. Гэхдээ тэрбээр хэд хэдэн зүйл заалтад өөрчлөлт оруулж сайжруулах шаардлагатай хэмээн үзэж, тодорхой санал бэлтгэснээ Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлтэй өчигдөр уулзахдаа танилцуулж байсан юм.
Мөн хэлэлцүүлгийн үеэр “Глоб интернэшнл” төвийн хуульч,
өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн “Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Хэвлэл мэдээллийн эрх
чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д энэ оны нэгдүгээр
сарын 24-нд өргөн барьсан. Тус хуулийн төсөл нь харьцангуй сайн хувилбар болсон
гэж судлаачийн хувьд үзэж байна. Гэхдээ бид зөвхөн Хэвлэл мэдээллийн эрх
чөлөөний тухай хуулийг тойрч яриад байж болохгүй. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө
гэдэг нь өргөн хүрээтэй ойлголт. Монгол Улсад өнөөгийн байдлаар, 932 хууль
хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Гэтэл Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай
хуулийг дагалдуулж 6 хуулийг өөрчлөхөөр оруулж ирж байгаа нь хангалтгүй. Тиймээс
дагалдах хуулиудыг орхигдуулж болохгүй” гэсэн байр суурьтай байгаагаа хэлж
байлаа.
Улмаар хэлэлцүүлэгт оролцогчид гол хуулиар хэвлэл мэдээллийн зохицуулалтын тэргүүлэх стандартыг тогтоож, илүү нарийвчилсан зохицуулалтыг бусад холбогдох хууль тогтоомжид тусгах боломжтой хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байсан юм.