Өнөөдөр “Дэлхийн жүдо бөхийн өдөр”

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-10-28 12:22:13

Олон улсын жүдо бөхийн холбоо /ОУЖБХ/-ноос санаачлан жил бүрийн 10 дугаар сарын 28-ны өдрийг “Дэлхийн жүдо бөхийн өдөр” болсоор 6 дахь жилтэйгээ золгож байна.

Энэ өдөр жүдо бөхийг үндэслэгч Жигоро Каногийн төрсөн байна. Жил бүр энэ өдрийн хүрээнд ОУЖБХ-ноос дэлхий даяар жүдо бөхийг сурталчилах, улс орнуудын жүдо бөхийн холбоодоор дамжуулан жүдогийн боловсрол олгох зэрэг арга хэмжээ зохион байгуулдаг.

МЖБХ-ноос өнөөдөр жүдо бөхийн нээлттэй хичээл явуулах бөгөөд хичээлийг дэлхийн аварга М.Уранцэцэг, мөнгөн медальт Д.Амартүвшин нар удирдах юм. Энэ жилийн “Дэлхийн жүдо бөхийн өдөр”-ийг “Цуцалтгүй оролдлого” уриан дор тэмдэглэж байна.

Дашрамд сонирхуулахад дэлхийн өнцөг булан бүрт 20 сая гаруй хүн жүдо бөхөөр хичээллэдэг судалгаа бий. XIX зууны сүүлээр энэ барилдааныг үндэслэгч Жигаро Кано жиу-житсу, каратэ, сүмо болон бусад төрлийн барилдааны олон мэхнүүдээс аюултай барьц, цохилтуудыг нь хасаад хамгийн төгсийг нь сонгож шинэ барилдаан боловсруулж түүнийгээ “жүдо” бөх хэмээн нэрлэсэн түүхтэй. Улмаар 1882 онд Зигаро Кано жүдо барилдаанд суралцах тусгай сургууль байгуулан түүнийгээ Кодокан хэмээн нэрлэсэн байдаг. Ийнхүү 1956-1958 онуудад жүдо бөхийн ДАШТ Япон улсад болж, 1956 онд ОУЖБХ-г байгуулсан юм. Жүдо бөх 1964 онд Токио хотноо болсон XVIII олимпийн наадмын хөтөлбөрт багтсан. Манай улсад 1970 оноос эхлэн хөгжсөн бөгөөд монголчууд энэ спортоор амжилттай хичээллэж олимп, дэлхий, тивийн аварга, медальт олон арван тамирчдыг төрүүлсэн гэдгээрээ дэлхийд танигдсан.

Д.Өлзий

Холбоотой мэдээ