БУЛГАН: Цогт хунтайжийн талбайд “Тусгаар тогтнол” шүлгийг 108 сурагч нэгэн зэрэг уншлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Оюуны ундраа цогцолборын сурагчид болон Булган аймгийн I сургуулийн төгсөх ангийн 108 сурагч хамтран Цогт хунтайжийн талбайд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг нэгэн зэрэг уншлаа.
Аав ээжийн буянтай
Өлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалийн толботой
Өлгийт нялхсын өөжин дээр
Ардын журамт цэргийн
Өргөж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд өгсөн
Өрлөг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би...
“Тусгаар тогтнол” шүлэг Монгол Улсын Тусгаар тогтнолын үнэ, цэнийг тодорхой илэрхийлсэн алдартай бүтээл юм. Уг шүлгэнд "Улс гэрээ тунхагласан эх оронч өвөг дээдсийн хатан зориг, олон мянган цэрэг эрсийн халуун амь, монголчууд биднийг сорьсон цадиг түүхийн өмнө бүтэн үлдсэн үндэсний дархлаагаа тунхаглан зарлаж, бахархан омогшиж, үр хойчдоо үеийн үед үүрд сануулан үгээр сийлсэн бүтээл юм.
Улаанбаатар хотын “Оюуны ундраа”
цогцолбор сургууль анх “Тусгаар тогтнол 3333” төслийг санаачилж, энэ хүрээнд 3333 сурагчаараа жил бүр “Тусгаар тогтнол” шүлгийг уншиж, цэнгүүлдэг ажээ.
Тэгвэл уг төслийг орон нутгийн ЕБС-иас анхных
нь болж Булган аймгийн I сургууль энэ жилээс эхлэн хэрэгжүүлэхээр болж байна.