Мьянмарт болсон газар хөдлөлтөд 17 сая хүн нэрвэгдсэн гэж тооцоолжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
НЕЙПИДО, 2025 оны дөрөвдүгээр сарын 6 /NHK/. Мьянмарт өнгөрсөн сард болсон хүчтэй газар хөдлөлтөд 17 сая орчим хүн нэрвэгдсэн гэж тооцоолж байгаа талаар НҮБ-ын хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газрын дарга Том Флетчер мэдэгдээд, тэдэнд яаралтай олон улсын тусламж үзүүлэх шаардлагатай байгааг онцолжээ.
Мьянмарын нутгийн төв хэсэгт гуравдугаар сарын 28-нд 7.7
магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Мьянмарын төрийн мэдлийн телевизээр
бямба гарагт мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас 3455 хүн амиа алдаж, 4840
хүн гэмтэж бэртсэнээс гадна 214 хүн сураггүй болсон байна.
Т.Флетчер бямба гарагт Мьянмарын нийслэл Нейпидо болон хоёр дахь том хот болох Мандалайд очиж нөхцөл байдалтай биечлэн танилцсаныхаа дараа NHK телевизэд ярилцлага өгчээ. Тэрбээр хэлэхдээ, хүмүүсийг нэн даруй хоргодох байраар хангах шаардлагатай байна, борооны улирал ойртон ирж байгаа тул тэдэнд майхан, мөн ундны ус хэрэгтэй байна гэв.
Түүнчлэн түүний уулзсан хэсэг бүлэг хүмүүс арми болон
ардчиллыг дэмжигч сөрөг хүчнийхний тулалдаанаас хэдийн дүрвэсэн хүмүүс байсан
бөгөөд тэдний хоргодож байсан газар нь байгалийн гамшигт сүйдсэн байжээ. Иймд тэрбээр газар хөдлөлтөөс амьд үлдсэн хүмүүст олон улсын дэмжлэг үзүүлэхийг уриалж, аль
болох олон хүнд хүрч ажиллах шаардлагатай байгаа тул асар их санхүүжилт хэрэгтэй
байгааг нэмж хэлжээ.
Үүний зэрэгцээ Японы эмч нарын баг баасан гаргаас Мандалай
дахь түр эмнэлэгт эмчилгээ хийж эхэлжээ. Бямба гаргийн байдлаар гэмтэж бэртсэн
хүмүүсийг оролцуулаад 120 орчим хүн эмнэлэгт хандсан гэж ажилтнуудын нэг
мэдээлжээ. Яс хугарсан зэрэг гэмтлийн улмаас мэс засалд орох шаардлагатай
иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд тус багийнхан орон нутгийн эмнэлэгтэй
хамтран ажиллаж байгаа ажээ.