Лаг шатаах үйлдвэр барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-09 14:54:33

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд 2025-2027 онд хоногт 250 метр.куб лаг шатаах хүчин чадалтай үйлдвэр барина.


Тус үйлдвэр нийслэлийн шинэ цэвэрлэх байгууламжийн үйлдвэрийн болон ахуйн лагийг усгүйжүүлэн хатаагаад шатаах юм. Ингэснээр хөрс, усны бохирдол ч багасгана. Хоногт 250 метр.куб лаг хатаан, шатааж 5-6 метр.куб үнс болгох зориулалттай. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэрээс хоногт гарах лагийн хэмжээ 238 тонн бол нийт лагийн хэмжээ 843,200 метр.куб хаягдмал нөөцтэй байхаар тооцжээ. Үйлдвэрийн төслийн талбай ойролцоогоор 40 мянган ам.метр байх бөгөөд Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн урд талд барихаар төлөвлөжээ.


Хуучин лагийг шатаахын өмнө урьдчилан шүүж, хатаах юм. Шаталтаас үүссэн хийг эрчим хүч үйлдвэрлэхэд, мөн нам даралтын уурыг хатаагчийн дулааны эх үүсвэр болгон ашиглах боломжтой. Шатаасан хийг цэвэршүүлэх явцад үүссэн үнсийг булж барилгын материал болгон ашиглана. Лаг шатаах үйлдвэри нь ариутгах татуургын лаг, үнэрийг хамтад нь цэвэрлэх онцлогтойг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 

Холбоотой мэдээ