Б.Жавхлан: Гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хадгалагдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайдын захирамжаар тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх чиглэлээр авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээ хэрэгжүүлж Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулга мэдээлэл өгч буй.
Сангийн сайд Б.Жавхлан, "Энэ сарын 7-ны байдлаар, гадаад валютын нөөц 5 тэрбум ам.доллар буюу өмнөх долоо хоногийн түвшинд хадгалагдаж байна. Монгол Улсын экспорт өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 9 хувиар өсөж, 237 сая ам.долларт хүрсэн. Үүнд зэсийн баяжмалын экспорт, ялангуяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт өмнөх долоо хоногоос 19 сая ам.доллараар нэмэгдсэн нь нөлөөлсөн" гэв.
Тэрбээр ажлын хэсгээс цаашид авч хэрэгжүүлэх зарим ажлуудын талаар тус хуралдаанд танилцуулж, экспортын бүтээгдэхүүний өртгийг бууруулж,
өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ашигт малтмалын экспортод тулгарч буй
тээвэрлэлт, агуулах, биржийн арилжаанд үүсээд буй хүндрэл зэрэг хэд хэдэн
асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа хэллээ.