Сүхбаатар, Дорноговийн нутгаар хүчтэй цасан болон шороон шуургатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-04-11 09:08:47

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/.  Нутгийн баруун хэсгээр өнөөдөр 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.


Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, говь, тал, Төв, Дундговийн зүүн, Хэнтийн өмнөд хэсэг, Дорнодын нутгаар секундэд 18-20 метр, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 24 метрийг давж, шороон шуурга шуурна.


Ихэнх нутгаар хүйтэрч Хэнтийн уулархаг нутаг, Хангайн нурууны ар, өвөр бэл, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -2-7 градус хүйтэн, Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар +6-+11 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +12-+17 градус дулаан, бусад нутгаар 0-+5 градус дулаан байна.


Зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулжээ.

Холбоотой мэдээ