СҮХБААТАР: Цас их орсны улмаас орон нутгийн замд халтиргаа гулгаа үүсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-04-11 10:46:16

Баруун-Урт, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар цасаар шуурч байна. Цаг агаарын энэ үзэгдэл өнөөдөр үргэлжилж, гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрнэ гэдгийг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.


Өчигдрийн 23.30 минутад Түмэнцогт сумаас эхэлсэн цасан шуурга өнөө өглөөний 8.00 цагийн байдлаар Наран, Дарьганга, Эрдэнэцагаанаас бусад сумыг хамарч, үргэлжлэн шуурч байна.


Салхины хурд 14-16 м/с, өрөвхийлөлт 18-22 м/с хүрч, ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтсон байна. Мөн 30-50 метрээс цааш үзэгдэх орчин хязгаарлагдсан, цаг агаарын нөхцөл байдал хүнд байна. Энэ үзэгдэл бүтэн өдөр үргэлжилж, гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрэх тул иргэн бүр анхаарал болгоомжтой байж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг цаг уурын байгууллагаас сануулж байна.  


Цас их орсны улмаас хот хооронд болон орон нутгийн замд халтиргаа гулгаа үүсэж, зам даваа хаагдах эрсдэл их байна. Тиймээс иргэд, тээвэрчдийг хол замд гарахгүй байхыг Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас анхаарууллаа.

Мөн цаг агаарын энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан замын хөдөлгөөн хязгаарлах саналыг аймгийн Онцгой комисст уламжилжээ.

 

Холбоотой мэдээ