ЗАВХАН: Суралцагчдад өөрийгөө үнэлэх боломжийг олгодог сорилгод 800 гаруй хүүхэд оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-04-11 15:50:02

Улиастай, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Улиастай сумын бүсийн ерөнхий боловсролын сургуулиудын 12-р ангийнханд зориулсан элсэлтийн шалгалтын бэлтгэл бага сорилгод давхардсан тоогоор 842 суралцагч оролцжээ.  


Бага сорилгыг ерөнхий боловсролын 4-р сургууль анх санаачилж жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд 11 дэх жилдээ амжилттай зохион байгуулжээ.


Бага сорилгод математикийн хичээлээр 222, монгол хэлний хичээлээр 82, нийгмийн ухааны хичээлээр 172, химийн хичээлээр 72, физикийн хичээлээр 71, англи хэлний хичээлээр 158, биологийн хичээлээр 65 суралцагч оролцсон байна. Багийн дүнгээр хамгийн олон шалгуулагчийг амжилттай оролцуулсан Улиастай сумын Жавхлант цогцолбор сургууль шилжин явах цомын эзэн боллоо. Улиастайн бүсийн сургуулиудын 12-р анги төгсөх суралцагчдын элсэлтийн шалгалтын бэлтгэлийг эрчимжүүлэх, эзэмшсэн мэдлэг чадварыг нь үнэлж дүгнэх, урамшуулан дэмжих.


Элсэлтийн шалгалтад бэлтгэж байгаа суралцагчдад өөрөө өөрийгөө үнэлэх боломжийг олгож, дэмжлэг үзүүлэх, сурах идэвхийг нь өрнүүлэх зорилготой бага сорилгод суралцагч, багш нар идэвхтэй оролцдог.


Бага сорилгыг жил бүр зохион байгуулдаг учир сургуулиуд, хүүхдүүд их хүлээлттэй байсан нь харагдаж байсан. Учир нь бага сорилгод оролцсоноор хүүхэд өөрөө өөрийгөө үнэлж, ямар судлагдахуун дээр ямар алдаа гаргаснаа дүгнэж дахин алдахгүй байх, нэмэлт давтлага авч хичээл зүтгэлтэй, системтэйгээр шалгалтдаа бэлтгэх боломжийг олгодог юм.

Хүүхдүүд цагаа сайн барьж зохион байгуулалтай оролцож байсан. Мөн 12-р ангийн суралцагчдын эцэг эхчүүд нь идэвхтэй дэмжиж байгаа нь сорилгын үеэр харагдаж байв.


Энэхүү сорилго нь элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй хүүхдээ бүс дотроо ямар хэмжээнд явж байгааг нь мэдэж авах. Тодорхой дараалалтайгаар сургалтыг явуулах, суралцагчдынхаа түвшнийг үнэлэх боломжийг багш нарт олгодог.


Жил бүрийн элсэлтийн ерөнхий шалгалтын эрэмбэ манай сургуулийн бага сорилготой ижил түвшинд гардаг гэж багш нар ам сайтай байдаг. Тиймээс манай сургууль элсэлтийн ерөнхий шалгалтын өмнө энэхүү бага сорилгыг өндөр ач холбогдол өгч зохион байгуулдаг юм.


Бага сорилгод амжилттай оролцсон суралцагчдыг урамшуулдаг. Ингэхдээ нэгээс гурван байрыг эзлүүлж өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал, дөрөв, тавдугаар байранд шалгарсан суралцагч, суралцагчдаа амжилттай бэлтгэж оролцуулсан багш нарыг мөн батламж мөнгөн шагналаар урамшуулдаг.


Сурах судлахын мөн чанарыг ухаарч, 21-р зуунд эрдэм боловсролтой, залуу иргэн болохоор хичээн шамдан суралцаж байгаа нийт төгсөгчдөдөө амжилт хүсэж 800 онооны эзэн болохыг хүсэж байна гэж Улиастай сумын ерөнхий боловсролын 4-р сургуулийн дунд, ахлах боловсролын сургалтын менежер Б.Үүрийнцолмон мэдээлэв. 


11 дэх удаагийн бага сорилгод хүүхдүүд цагаа сайн барьж зохион байгуулалтай оролцжээ 

Холбоотой мэдээ