АРХАНГАЙ: Агаарын чанарыг хянах автомат станцтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-04-14 08:55:19

Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв агаарын чанарыг хянах автомат станцтай боллоо. Энэ станц нь 365 хоног, 24 цаг тасралтгүй ажиллаж, хүхэрлэг хий, азотын ислүүд, байгаль орчны суурь үзүүлэлтүүд, нарийн тоос зэргийн мэдээллийг маш нарийвчлалтай хэмжих юм. Мөн хэмжилтээс гадна хяналтыг бүрэн хийж болохоороо давуу талтай.

 

Өнгөрсөн хугацаанд 8, 12, 20 цагт механикаар төв суурин газруудын агаарын чанарыг хэмждэг байсан бол өнөөдрөөс эхлэн бодит цагийн хэмжилтээр минут тутамд тооцоолох боломжтой боллоо.

 

Агаарын чанарыг хэмждэг автомат станцыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, ЦУОШГ-ын дарга Э.Баттулга, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид болон аймгийн Байгаль орчны салбарын удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо. Хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах, сөргөөр нөлөөлөх хүчин зүйлийг хэмжих, хяналт тавих боломж бүрдэж, технологийн том дэвшил гарч байгааг онцолж байна.


БОУАӨ-ийн сайд С.ОдонтуяаБайгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам “Стандарттай байгаль орчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Аймгийн төвүүд агаарын чанарыг хэмжих багажгүйгээс болж, стандартыг мөрдүүлж чаддаггүй байсан. Стандартаа мөрдөхөд чухал ач холбогдолтой станцыг бид хүлээж авлаа. Мөн Цаг уур, орчны шинжилгээний байгууллагууд зөвхөн хэмждэг, шинжилдэг байсан бол энэ цаг мөчөөс эхлэн хяналт тавих механизмуудаа ажиллуулж, орчны хяналтыг бүрэн утгаар нь хийх боломжтой боллоо” гэв.


ЦУОШГ-ын дарга Э.БаттулгаОрчны шинжилгээний салбарт түүхэн мөч тохиож байна. Монгол Улсад 1936 онд анхны долоон цаг уурын өртөө байгуулагдаж байсны нэг нь Архангай аймгийн Ус цаг, уур орчны шинжилгээний төв юм. 90 жилийн дараа агаарын чанарын автомат станцтай болж байгаа нь Цаг уур, орчны шинжилгээний газрын хувьд технологийн том дэвшил болохоос гадна орчны хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх боломжийг нээлээ. Угсралтын явцад мэргэжилтнүүдийг сургаж, цахим сургалтыг зохион байгуулснаас гадна БНСУ-д үйлдвэр дээр нь сургахаар төлөвлөсөн. Аймгийн төвүүдэд нүүрс, шатах төрлийн материалуудаас ялгарч байгаа бохирдол болон авто тээврийн хэрэгслээс ялгарч байгаа бохирдлыг хэмжиж чадсанаараа хянах, тохируулга хийх, стандартаас давсан бохирдол ялгаруулж байгаа тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох, шаардлага хүргүүлэх боломжтой болж байна. Бохирдлыг хэмжиж чадвал хянаж чадна, хянаж чадвал бууруулж бас чадна” гэлээ.


Монгол Улс, БНСУ-ын Байгаль орчны яамдын хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар 21 аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвүүдийг агаарын чанарын автомат станцтай болгоно. Анхны автомат станцыг Архангай аймагт ийнхүү суурилуулсан бөгөөд дараа нь Хэнтий, Завхан, Увс, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул аймгууд тавдугаар сар гэхэд агаарын чанарыг хэмждэг автомат станцтай болно.


Холбоотой мэдээ