Дэлхийн урлагийн өдөр тохиож байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПАРИС, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /UNESCO/. Урлагийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, таашаан сонирхохыг дэмжих зорилгоор Дэлхийн урлагийн өдрийг тэмдэглэж байх шийдвэрийг 2019 онд болсон НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ Ерөнхий бага хурлын 40 дүгээр чуулганаас гаргажээ.
Урлаг нь дэлхийн бүх ард түмний бүтээлч байдал, инновац,
соёлын олон талт байдлыг хөгжүүлж, мэдлэгээ хуваалцах, харилцан яриа өрнүүлэхэд
чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр нь урлагт үргэлж байсаар ирсэн давуу шинж чанарууд бөгөөд уран
бүтээлчид ба урлагийн эрх чөлөөг сурталчилж, хамгаалдаг орчныг хөхиүлэн дэмжсээр байвал эдгээр шинж чанар цаашид хадгалагдсаар байх болно. Урлагийг хөгжүүлэх нь эрх чөлөөтэй, амар амгалан ертөнцийг цогцлоох арга замыг улам бүр өргөжүүлж байна.
Жил бүрийн дөрөвдүгээр
сарын 15-нд Дэлхийн урлагийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь урлагийн бүтээл ба
нийгэм хоорондын холбоог бэхжүүлэх, уран сайхны илэрхийллийн олон талт байдлын
талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжилд уран бүтээлчдийн оруулж буй хувь нэмрийг таниулахад тус дөхөм болдог.
Мөн соёл урлаг нь хүртээмжтэй, тэгш боловсролд хүрэх замыг нээж өгдөг тул урлагийн
боловсрол сургалтад анхаарал хандуулах
боломжийг бүрдүүлдэг байна.
Дэлхийн урлагийн өдрөөр суралцах, хуваалцах, тэмдэглэх зүйл
их бөгөөд ЮНЕСКО-гоос мэтгэлцээн, бага хурал,
семинар, танилцуулга, үзэсгэлэн зэрэг төрөл бүрийн үйл ажиллагаануудаар дамжуулан хүн
бүрийг нэгдэхийг уриалдаг билээ.
“Дэлхийн
урлагийн өдөр бол урлаг биднийг хамгийн хэцүү нөхцөлд ч нэгтгэж, холбож болохыг илэрхийлсэн цаг үеэ олсон
сануулга юм. Урлаг хүмүүсийг
нэгтгэж, урам зориг өгч, илааршуулан тайвшруулдаг хүчтэй гэдэг нь мөргөлдөөн, хямралын үед улам илүү тодорхой болж байна” гэж ЮНЕСКО-гийн
Ерөнхий захирал Одри Азуле хэлж байлаа.
Дэлхийн урлагийн өдрийн түүх
Олон улсын урлагийн холбооны /IAA/ Ерөнхий Ассамблейн хурлаар
дөрөвдүгээр сарын 15-ны өдрийг Дэлхийн урлагийн өдөр болгон зарлаж, анх 2012 онд тэмдэглэж байлаа. Энэхүү өдрийг тэмдэглэхийг Олон улсын урлагийн холбооны гишүүн бүх үндэсний хороод дэмжиж байжээ. Дөрөвдүгээр сарын
15-ны
өдрийг Италийн нэрт зураач Леонардо да
Винчигийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна. Да Винчи бол хүлээцтэй байдал, дэлхийн энх тайван, үзэл бодлоо
илэрхийлэх эрх чөлөө, соёлын олон янз байдлын илэрхийлэл болдог хүн юм.