ЗАВХАН: Монголын хамгийн том хүрээтэй хиргисүүр Сонгино суманд бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-04-15 16:32:00

Улиастай, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Сонгино сумын нутагт орших Айраг нуурын цогцолбор дурсгал нь манай улсын нутагт бүртгэгдсэн хамгийн том дугуй хүрээтэй хиргисүүр юм.


Цогцолбор дурсгал нь түрэгийн үеийн уран нарийн хийцтэй хүн чулуун хөшөөтэй хоёр тахилын онгон, нуурын өмнө талд орших хас тэмдэг сийлсэн буган чулуун хөшөө зэрэг дурсгалуудаас бүрддэг.


Айраг нуурын хиргисүүр нь дугуй хүрээтэй бөгөөд хүрээний голч нь 300 м, хүрээний өргөн 16 м, голын овоолгын голч 32 м, өндөр 1.5 м хэмжээтэй. Энэ нь манай улсын нутагт бүртгэгдсэн хамгийн том дугуй хүрээтэй хиргисүүр юм.


Айраг нуурын өмнө талд нэгэн содон дүрслэл сийлсэн буган чулуун хөшөө орших бөгөөд тус хөшөөний арын хэсэгт дөрвөн адууны толгойг эвлүүлэн эргүүлж хас хэлбэрт оруулсан дүрслэлийг сийлжээ. Манай улсын нутагт илрүүлэн олж бүртгэсэн 1200 гаруй буган чулуун хөшөөдийн дотор үүнээс өөр ийм дүрслэлтэй хөшөө өнөөг хүртэл тэмдэглэгдээгүй байна.


Айраг нуурын зүүн талд хүн чулуун хөшөөтэй хоёр тахилын байгууламж бий. Эхний тахилын байгууламжийн хүн чулуун хөшөө нь 1.35 харьцах нь 33, 16 см, дараагийн тахилын байгууламжийн хүн чулуун хөшөө 1.75 харьцах нь 22, 14 см хэмжээтэй. Зүүн өмнө зүг чиглэсэн хоёр эгнээ зэл чулуутай. Энэ хоёр хүн чулуун хөшөөд нь хийц дүрслэл уран нарийн бөгөөд бүрэн бүтэн байдалтай юм. Хийц маягийн хувьд дээрх хоёр хүн чулуун хөшөөд нь түрэгийн үед хамаарах юм.


Айраг нуурын цогцолбор дурсгалыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар аймгийн хамгаалалтад байх дурсгалын жагсаалтад оруулсан байна.


Ташрамд, манай улсын нутаг дэвсгэрээс 620 гаруй түрэгийн үеийн хүн чулуун хөшөөг илрүүлэн олж бүртгээд байна.

Хиргисүүр бол Монгол орны баруун болон төвийн бүс, хөрш зэргэлдээ Өвөрбайгал, Тува, Шинжаанд тархсан хүрлийн үеийн үндсэн дурсгал юм. Хиргисүүр нь төв хэсэгтээ чулуугаар үйлдсэн овоолго, түүний гадуур байх дөрвөлжин болон дугуй хүрээтэй. Үүнийг дагалдсан том жижиг хэлбэр хэмжээтэй чулуун дагуул байгууламжуудаас бүрддэг ажээ. 

Айраг нуурын цогцолборын хүн чулуун хөшөөд


Айраг нуурын буган чулуун хөшөө

Манай улсын нутагт илрүүлэн олж бүртгэсэн 1200 гаруй буган чулуун хөшөөдийн дотор

үүнээс өөр ийм дүрслэлтэй хөшөө өнөөг хүртэл тэмдэглэгдээгүй байна.


Айраг нуурын буган чулуун хөшөө


Айраг нуурын хиргисүүр нь дугуй хүрээтэй бөгөөд хүрээний голч нь 300м юм.


Айраг нуурын цогцолбор дурсгал нь манай улсын нутагт бүртгэгдсэн хамгийн том дугуй хүрээтэй хиргисүүр юм.

Холбоотой мэдээ