“Моторын дуу” дуугарав уу, дурсагдав уу?
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
Хуучин цагийн өргөн нэвтрүүлгийн суваг ганцхан байсан тэр нийгмийг мэдэхгүй хүмүүст бол суваг солих дадлын тухай яаран тогтож ойлгохгүй л болов уу? Харин энэхүү суваг солих явцад монгол кино гарч байвал заавал тогтон үзэж, ухааран хардаг бас нэгэн дадал надад байдаг билээ. Хуучны монгол киноны харилцан яриа, үйл явдлын далд санаа, шигтгээ дүрүүд, заавал нэгэн өгөөжийг өгч тэрхэн зуурт бодролд автуулдаг нь сайхан. Монгол кино үзэх дадалдаа би суваг солих зуршлаас илүү дуртай ажээ.
Зурагтаар Монголын уран сайхны “Моторын дуу” кино гарч байна. Одоо удирдлага хэсэгтээ хэрэггүй...
Говийн татаал худаг дээр халуун нар, хүйтэн ус хоёрын дунд махран хөдөлмөрлөж малаа адгуулж ирсэн ард түмний үйл амьдралд нийслэлээс моторчноор ирэн ажиллаж байгаа Ганаагийн ажил амьдралаар дамжуулан соёл нэвтэрч, нийгмийн дэвшлийг нутгийн ардын ахуй байдалтай сүлэн өгүүлсээр кино төгсдөг. Монголчууд энэ кинонд дуртай.
Энэхүү киног Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг Цохио бригадын нутагт 1973 онд ерөнхий найруулагч Бадрахын Сумхүү, зохиогч Чимидийн Гомбо, зураглаач Бэгзийн Балжинням, зураач Очирын Мягмар, хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав, дууны найруулагч З.Гаваа, нүүр хувиргагч П.Ичинхорлоо, эвлүүлэгч Д.Батгэрэл, гол дүрд Ганаа - Нямхүүгийн Бямбацогт, Өлзий - Д.Хишигдулам, Үрчгэр - Улаанхүүгийн Осор, Даржаа - Тангадын Пэрэнлэй, Мягмар - Батхүүгийн Даваасүрэн, Сэдэд - Зогсоолонгийн Доржсүрэн, Дулмаа - Загдын Долгорсүрэн, Гарьд - Билгээгийн Мижиддорж нарын бүрэлдэхүүнтэй бүтээжээ.
...Тэр жил тавхан настай бяцхан охин, эдүгээ бол Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбарын гарын шавь МЗЭ-ийн шагналт яруу найрагч Анандын Байгалмаа нэгэнтээ “Моторын дуу” киног намайг хүүхэд байхад манай гэрт зураг авч байсан юм гэж ярьсан нь санаанд бууж ажлын далимаар Сайншанд орохдоо гэрийг нь зорин очлоо. Бид ийн хөөрөлдөв. А.Байгалмаа:
- Би таван настай л байсан юм. Манай гэр худаг хоёр их ойрхон байсан шиг одоо санагддаг. Би гүйгээд л хүрчихдэг байсан гэж бодохоор...
Тэр худгийн байшин бол хөдөө гэрт амьдардаг миний хувьд амьдралдаа орж үзсэн хамгийн анхны минь байшин байгаа юм. Одоо бодоход маш том, цэлгэр... Дотор ханаар нь зураг өлгөн тохижуулсан нь гайхмаар...
Би дотор орсны дараагаас л мэл гайхсан амьтан бишрээд л зогсож байлаа шүү дээ. Киноныхон өхөөрдөөд атга дүүрэн чихэр өгнө. Би ч чихрээ бариад л буцаад гэр өөдөө гүйснээ санадаг юм.
Бяцхан охин А.Байгалмаа, ах А.Насандэлгэрийн хамт
- Та хэн хэнтэйгээ амьдарч байв?
- Аав Б.Ананд, ээж С.Содном, өвөө С.Сайнхүү, эмээгийн төрсөн дүү гэж нэг өвөө, басхүү хамаатны нэг өвөө гээд олуул зусаж байсан. Ах А.Насандэлгэр маань надаас дөрөв ах тул сумын сургуульд явчихсан байв. Киноны нэг сцен дээр манай өвөө үнээ саагаад сууж байгаа нь гардаг юм. Киноныхон манайхаас хонь их авдаг. Би бөөр иднэ гээд л худаг руу харайлгачихдаг сан.
- Таныг өхөөрдөөд киноны зурганд оруулчихгүй?
- Дандаа төлөвлөсөн зургууд байдаг байсан байлгүй. Тэдний бас нэг гол даалгавар нь зураг эхлэхээр намайг гэрээс гаргахгүй “торгоон барих” ажил байсан шиг байгаа юм. “Би гаръя л даа” гэж уйлагнахад киноны зураач ах:
- Ах нь чамд зураг зурж өгөх үү? гэдэг сэн. Яагаад ч юм би зураг зурах дуртай байсан. Одоо бодоход тэмээ зурж өгч байсан санагддаг.
- Тэд таныг “тогтоон барих” ажлаа сайн хийж байжээ?
- Тийм. Хөөрхий тэр зураач ах одоо байхгүй ч хааяа дурсагддаг. Энэ тэмээ гэдийж байна, энэ тэмээ өвсөө хазаж байна гээд л намайг сатааруулна. Би ч зураг зурах, зураач ахын ярианд нь дуртай. Улам л наалдаад суучихна. Одоо ийм зураг зураад өг гэж ирээд л ярилцдаг байжээ. Тэгж байтал киноны зураг дуусаж ахын алба сулардаг байсан байх.
- Гэрийн доторх зургууд яг л танайд уу?
- Үгүй гэсэн. Сүүлд би ээжээс асуухад, манай тавилгуудыг гаргаад киноныхон өөрсдөө тохижуулсан гэж байсан. Мөн манайд усны хоёр торх байлаа. Тэр торхнууд их олон болчихсон байсан. Кинон дээр ч олон болж гардаг. Киноныхон л ямар нэгэн аргаар олон болгосон байх гэж одоо санадаг юм. Харин кинонд гардаг мал бол манай мал юм билээ.
- Уг киног танайд зураг авсан тухай хэзээ мэдсэн бэ?
- Би тэр үеийн үйл явдлыг тэгээд л хүүхэд үетэйгээ мартсан шиг байгаа юм. Бүүр сүүлд 20 гаруй насандаа л мэдсэн. Ямартаа ч ээж минь “Моторын дуу” гарахад үзэх их дуртай байсан даа.
Бид хоёр ийн ярилцсаар үд хүрсэн тул эгч бууз хийж өгөхөөр болж түмпэн жигнүүр, ганжин, ганпанз болоод явчхав.
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Анандын Байгалмааг Монголын ард түмэн “Санасан шүү, чамайгаа...”, “Явлаа гэж чанга битгий хэлээрэй” зэрэг дууны шүлгүүдийг бичсэнээр нь олон сайхан яруу найргийн бүтээл, цомог гаргаснаар нь мэдэх билээ.
- Эгч ээ, би ирэхээсээ өмнө киноны багийн хүмүүсийг хайж жаал судаллаа. Ихэнх нь бурхны оронд оджээ гэвэл, эгч:
- Би харин тэр зураач ахтай уулзах юм сан гэж боддог л байсан. Аргагүй дээ цаг хугацаа ч явж өгч дээ хэмээн ярилцах зуур:
- Би чамд зарим нэг зүйлийг асууж өгье. Өвөөгийн минь дүүгийн хүүхэд Ц.Борхүү ахтай ярья гэв. Ц.Борхүү гуай Сайхандулаан сумын "Сайн малчин" ажээ. Одоо Сайншандын төвд амьдарч байна. Тэд мэнд ус болоод Цагаан сарын тухай, мөн нэгэн ахмадын 81 насны ой тохиож бий тул хоёр золгох тухай ярилцсаар сая гол яриа руугаа эргэлээ.
Ц.Борхүү ахын дурсамж: Би цэргээс ирчихсэн үе. Адуу туугаад бас л удаж ирсэн санагдана. Киноныхон ирчихсэн зураг авч л байсан. Киноныхон зурагтай өдрөө л аймгаас хүрээд ирнэ. 30 гаран километр зайтай байх... Ямар ч л байсан зүүн овоон дээгүүр киноныхон шинэ зам гэж гаргасан байв. Сүүлд бүдгэрсэн байсан ч хааяа хүмүүс явдаг л юм билээ.
- Тэр худаг анхнаасаа мотортой байсан уу?
- Мотор нь болдоггүй л худаг байсан. ТЭШ-12 мотортой байсан санагдана.
- Худгийн нэрийг та хэлж өгөөч?
- Зүүн Мааньтын хутаг гэдэг юм. Одоо Сайхандулаан сумын Цохио бригадын нутаг даа.
- Тэр үеийн худаг тийм “ганган” байсан уу?
- Үгүй чишш. Тэр чинь залгаа юм. Киноныхон дор нь ирээд л тийм сайхан залгаа хийгээд тохижуулчихсан. Тэр чинь авсаархан ч, амархан ч барьчихдаг эд билээ. Киноны улс тийм юм хийгээд сурчихсан байдаг байх...
- Тэр жил худгийн ойрхон олон айл зусаж байжээ. Кинон дээр хүүхэд олон харагддаг?
- Олон айл байсаан. “Хув” Дорж, Зоноров гуайнх, “казак” Баяраагийнх гээд л... Нэг их хуц ухна гардаг чинь Сайнбуянгийнх гэж айлын мал юм. Худаг дээрх олон хүүхэд чинь Зоноров гуайн хүүхдүүд ээ. Одоо ч том, том харцуул болж дээ. Миний адуунууд бас гардаг юм шүү.
- Зүүн Мааньтын худгийг хэдий болтол ашигласан бэ?
- Одсүрэн гуайнх гэж айл ашиглаж байсан. Нэлээд зэхий болтол ашигласан. 1990 он хүргэсэн болов уу гэж санадаг. Одоо ч бас мартаад байх болжээ хэмээн дурсав.
Говь нутагт “Улаан гэр”-ээс Улаан булан, Нүүдлийн кино, орон нутаг судлах кабинет, номын сан, драмын театр хүртэл урлаг соёлын урт зам бартаа ихтэй ч ард иргэдээ соёлжуулах үйлсэд чамлалтгүй зүтгэсэн он цаг бий. Киноны хэсэгт Дорноговь аймгийн Соёлын ордны боловсон хүчин, зааварлагч Д.Лувсаннямаа тэргүүт "Говийн уянга" чуулыгн уран бүтээлчид урлагийн бригадаар явж буй нь гардаг. Алс хөдөөгийн хот айлуудаар соёлын үр тарьж асан “Нүүдлийн кино”-ны үеэс хойш, урлагийн бригадын соёл түгээж буй үеийн дэвшлийг энэхүү хэсгээс харж болдог оо.
Моторчин Ганаагийн дүрд тоглосон Н.Бямбацогт Төв аймгийн театрын найруулагч байхдаа театрынхаа дэргэд сургуулийн сурагчдын драмын дугуйлан нээн багшилсаар, хөдөөгийн хөнгөн залуу Даржаа буюу Т.Пэрэнлэй “Пэпэ өвөө” болон багачуудад үлгэрээ ярьсаар л байв даа.
Тостой жолооч нарыг ганган жолоочийн дүрээр үлгэрлэсэн Мягмар жолооч Б.Даваасүрэн авто баазуудаар уригдан яриа хийж, орчин цагийн кинонд дүрээ бүтээж өөрийн он цагаа бүтээж явнам.
“Моторын дуу” кино дууслаа... Май, удирдлага авах хүн байна уу?