АРХАНГАЙ: 5, 9 дүгээр сарын бүх амралтын өдрүүдэд мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-05-01 13:06:32

Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 44 дүгээр зарлигаар 5 болон 9 дүгээр сарын бямба, ням гарагт "Тэрбум мод" тарих өдөр болгон зарлалаа.

 

Бид өмнө нь 5, 9 дүгээр сарын эхний долоо хоногийн амралтын өдрөөр мод тарьдаг байсан бол энэ жилээс эхлэн 5, 9 дүгээр сарын 7 хоног бүрийн амралтын өдрүүдэд мод тарихаар боллоо.

 

Зарлигийг монгол өв уламжлал, зан заншлаа эрхэмлэн, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг урт хугацаанд үргэлжлүүлэн өрнүүлэх зорилготой эрдэмтэн судлаач нарын санаачилгыг үндэслэн гаргажээ.

 

Энэ өдрүүдэд бүх нийтээр мод, сөөг тарих, арчлан ургуулах үйл хэрэгт идэвхтэй оролцож, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхийг Монгол Улсын иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хөгжлийн түнш байгууллагууд, хандивлагч нарыг уриалсан байна. 

Холбоотой мэдээ