ЗАВХАН: Галын сайн дурын бүлэгт багаж тоног төхөөрөмж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-05-02 16:38:03

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Баянтэс сумын галын сайн дурын бүлэгт таван нэр төрлийн 16 ширхэг багаж тоног төхөөрөмжийг гардуулан өгчээ.


Завхан аймгийн ойн сан бүхий газар нутгуудад ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр болон нэн өндөр байдаг. Сүүлийн жилүүдэд гарсан ой, хээрийн түймрийн дийлэнх хувийг Баянтэс сумын ойн санд гарсан түймэр эзэлж байна.


Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын хүрээнд тус суманд галын сайн дурын бүлгийг байгуулан ажиллаж буй юм. Энэхүү бүлэг нь ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах үүрэгтэй ажилладаг. Сайн дурын бүлэгт багаж тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай байдаг. Тиймээс тус бүлэгт үүргийн шүршигч, үлээгч аппарат, цуравдагч аппарат, галын хувцас, анхны тусламж зэрэг таван нэр төрлийн багаж, хувцас болон хамгаалах хэрэгслийг хүлээлгэж өглөө гэж Завхан аймгийн Байгаль орчны газраас мэдээлэв.


Завхан аймгийн газар нутгийн 8 хувийг ой эзэлдэг, ой бүхий 16 сумтай, 6.7 сая га бэлчээрийн нутагтай.


Аймгийн 24 суманд галын сайн дурын бүлэг байгуулагдсан байгаа боловч томилгоот бие бүрэлдэхүүн ой, хээрийн түймрийн үед ажиллах дадлага, сургуулилалт, багаж хэрэгсэл хангалт муу байна. Сонгино, Их-Уул, Тосонцэнгэл сумдад галын сайн дурын бүлэгт ашиглагдах багаж хэрэгсэл олон улсын төслийн байгууллагын дэмжлэгтэйгээр тодорхой түвшинд бэлтгэсэн.

Бусад суманд сумын өөрийн хөрөнгөөр зарим сумдад багаж хэрэгсэл бэлтгэсэн боловч дутагдалтай байна.

Энэ удаад Баянтэс сумын галын сайн дурын бүлэгт багаж тоног төхөөрөмжийг гардуулан өгсөн нь цаг үеэ олсон сайшаалтай ажил боллоо.


Учир нь Баянтэс сум нь ой хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээгээр эрсдэл өндөр сум юм. Үүний дараа Тосонцэнгэл, Их-Уул, Тэлмэн, Идэр сумууд эрсдэл өндөр, 14 суманд эрсдэл дунд зэрэг байна. Аймгийн таван суманд эрсдэл бага, аймгийн дундаж үнэлгээ 47,5 оноотойгоор ой хээрийн түймрийн дунд эрсдэлтэй үнэлэгдсэн байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас нэмж мэдээлэв. 

Холбоотой мэдээ