БАЯН-ӨЛГИЙ: Төрийн албан хаагчид тулгамдсан асуудлуудаа зөвлөгөөнөөр хэлэлцэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны
тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт баруун бүсийн
зөвлөгөөнийг Ховд аймагт зохион байгуулж байгаа бөгөөд Баян-Өлгий аймгийн 120
гаруй төрийн албан хаагч оролцож байна.
Хоёр
өдөр үргэлжлэх тус зөвлөгөөн “Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэглээ”,
“Хөдөлмөрийн тухай
хууль тогтоомж, цахим технологийн хэрэглээ”, “Төрийн албан хаагчийн
ёс зүйн хууль тогтоомжийн хэрэглээ”, “Төрийн албан хаагч эмэгтэйчүүдиййн карьер хөгжлийг дэмжих,
төрийн албан дахь удирдах түвшний жендэр” зэрэг сэдвээр тус тус мэдээлэл солилцож байна.
Зөвлөгөөнд, баруун таван аймаг буюу Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн төрийн 30335 албан хаагчдын төлөөлөл болсон 700-гаад хүн оролцож байгаа тус зөвлөгөөнд төрийн албаны салбар зөвлөлийн дарга, гишүүд, төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх албан тушаалтнууд оролцож байна.
Тус зөвлөгөөнд Баян-Өлгий аймгийн төрийн алба хаагчид ямар асуудлууд хөндөж, танилцуулж, шийдвэрлүүлэхээр оролцож байгаа талаар аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга бөгөөд Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Д.Ерболоос тодруулахад, “Төрийн албаны байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд баруун бүсийн төрийн албаны манлайллын үйл ажиллагаа, зөвлөгөөн зохион байгуулж байна.
Манай аймгийн 8 мянга гаруй төрийн алба хаагчдын төлөөлөл, тухайн байгууллагынхаа манлайлагч, нөлөөллийн ажлууд зохион байгуулах чадвартай 120 хүнийг сонгож энэхүү зөвлөгөөнд оролцуулж байна. Энэхүү зөвлөгөөнөөр төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх явцдаа иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхэд хүндрэлтэй байгаа зохицуулалтуудыг сайжруулах саналаа нэмэрлэх, цаашид эрх зүйн орчныг боловсронгуй болгоход гол анхаарлаа хандуулж байна.
Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, төрөөс олгох тэтгэмжийн хүртээмжийг дээшлүүлэх, цалинг нэмэгдүүлэх, хүүхдүүдэд нь дээд боловсрол олгоход төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэх боломжуудыг нээх асуудлуудыг голчлон тавьж байна. Удахгүй энэ чиглэлээр аймаг, сумдын хэмжээнд зөвлөгөөнүүд зохион байгуулж ажиллана” хэмээв.
Зөвлөгөөнд
Төрийн албаны зөвлөлийн удирдлагууд, хувийн хэвшлийнхэн оролцож мэдээлэл өгч, төрийн
албан хаагчдын өмнө тулгамдаж буй ямар асуудал байгаа талаар тэдний саналыг
сонсож, хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн асуудлыг нэгтгэж, хуулийн шинэчлэлд
тусган ажиллах юм.



