ГОВЬ-АЛТАЙ: “Дөл-2025” тэмцээнийг Халиун сумын “Оргил” тасаг хошуучиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл-2025” цогцолбор тэмцээнийг Халиун сумын “Оргил” тасаг хошуучиллаа.
“Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил”-ийн хүрээнд Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд аймгийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл-2025” цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттай зохион байгууллаа.
Тэмцээний нэгдүгээр шат сумдад дөрөвдүгээр сард болсон бол аймгийн аварга шалгаруулах хоёрдугаар шатны тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулж шилдгүүдээ шалгарууллаа.
Тэмцээний тэргүүн байрт Халиун сумын ЕБС-ын Ж.Мягмарсүрэн тасгийн захирагчтай “Оргил” тасаг шалгарсан бол удаах байруудад Тонхил сумын ЕБС-ийн Т.Батбилэг тасгийн захирагчтай “Алтан соёмбо” тасаг, Есөнбулаг сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн О.Тамираа захирагчтай “Дөл” тасаг шалгарч шалгарсан юм.
Энэхүү тэмцээнд ерөнхий боловсролын 10 сургуулийн 130 гаруй баг тамирчид 2 өдрийн турш жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулааны үзүүлэх тоглолт, гэрийн даалгавар, маршийн гүйлтийн тэмцээнээр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.