ӨМНӨГОВЬ: “Тэгш боломж” нөлөөллийн ажлыг бүсчлэн зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-05-21 10:13:38

Даланзадгад, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ЗДТГ, ХХҮГ хамтран тусгай хэрэгцээт иргэдэд чиглэсэн “Тэгш боломж” нөлөөллийн ажлыг бүсчлэн зохион байгуулж байна.

 

Тус үйл ажиллагааны төвийн бүсийн нээлт 2025 оны тавдугаар сарын 20-ны өдөр Цогт-Овоо суманд эхэлж, Даланзадгад, Ханхонгор, Мандал-Овоо, Цогт-Овоо, Булган сумын тусгай хэрэгцээт 100 гаруй иргэн оролцжээ.


Өмнөговь аймгийн хэмжээнд 1697 тусгай хэрэгцээт иргэн байдгаас тусгай асаргаатай 279 иргэн байдаг. Харин 408 хүүхэд байдгаас 363 хүүхэд нь байнгын асаргаатай. Нийт 1279 иргэн гэр бүлийнхээ хэн нэгнийг асарч байгаа судалгааг ХХҮГ-аас гаргажээ.

 

Өмнөговь аймаг жил бүр тусгай хэрэгцээт иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, орон нутгийн төсөвт суулган олон ажлыг зохион байгуулж байна.

 

Өмнөговь аймгийн ХХҮГ-ын дарга Б.Должинсүрэн:

-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн  хамгааллын яамнаас 2025 оныг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Өмнөговь аймаг "Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөртөө хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжил оролцоо, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудалд анхаарч цогц үйл ажиллагааг зохион байгуулахаар тусгасан. Тиймээс энэ онд тусгай хэрэгцээт иргэд руу чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулахын тулд 218.8 сая төгрөгийн төсвийг орон нутгаас баталж өгсөн. Энэ үйл ажиллагааны нээлт болгож тэдэнд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаа, спортын өдөрлөг, эрүүл мэндийн үзлэг оношилгоо зэргийг зохион байгуулж байна.


Бид тусгай хэрэгцээт иргэдийнхээ хөгжил, оролцоог нэмэгдүүлж, жилдээ нэг бүсчилсэн үйл ажиллагааг хийж хэвшээд байна. Сум сумандаа биш бүсчлээд, нэг бүсээрээ нэгдээд тусгай хэрэгцээт иргэд маань өөрсдийнхөө сурч мэдсэн зүйлээ хуваалцаад мөн улсын хэмжээнд зохион байгуулдаг параолимпын бэлтгэл болгож аймгийн хэмжээнд 3 бүсээр зохион байгуулж байгаа нь их онцлогтой болж байна. Бид үргэлжлүүлэн энэ үйл ажиллагаагаа тавдугаар сарын 22-нд Гурвантэс, тавдугаар сарын 26-нд Манлай суманд бүсчлэн зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү тэмцээнд оролцож байгаа тусгай хэрэгцээт иргэд болон үйл ажиллагаанд иргэдээ идэвхтэй оролцуулсан сумын ЗДТГ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлийн удирдлагууддаа талархал илэрхийлье.

Холбоотой мэдээ