“Монгол шуудан”, “Эрдэнэт-Булганы ЦТС” ХК-ийг дуудлага худалдаагаар худалдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-04 15:02:59

“Монгол шуудан”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компанийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэв.

"Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай" УИХ-ын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дээрх 70 дугаар тогтоолын хавсралтын 4 дүгээр зүйлд хоёр хувьцаат компанийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахыг нэмэхээр тусгажээ. Уг асуудалтай холбогдуулан гишүүд “Монгол шуудан”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компанийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахдаа үнийг хэрхэн тооцсон, хувьчлагдаж байгаа төрийн өмчит хувьцаат компаниуд гадаадын зээл, тусламж авсан эсэх, хувьчлалыг төсвийн орлого нэмэгдүүлэхэд чухалчилсан уу эсвэл эдийн засгийн цаад системтэй нь холбож үзсэн үү гэдгийг тодруулж байлаа. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд дарга А.Дагвадорж "Засгийн газрын өмч хувьчлалын жагсаалтад нэмэгдэх эдгээр аж ахуйн нэгжийн үнийн дүнг бодитой гаргахаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас сүүлийн таван жилийн ашиг орлого, алдагдал, татвар гээд үнэлгээний нарийн судлагаа хийж байгаа. Тиймээс суурь үнэ өөрчлөгдөнө. Ер нь “Монгол шуудан” ХК бага зэргийн ашигтай, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ХК алдагдалтай ажиллаж байгаа. Гэхдээ эдгээр аж ахуйн нэгжид гадны ямар нэгэн зээл, тусламж авсан асуудал байхгүй байгаа" гэж хариулав.

Ингээд уг тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэнээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх боллоо. 

Мөн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлэгтэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах, Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй учир анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжив.

Н.Туяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ