УВС: Аргаль ихэрлэх нь ховор
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Хархираа, Түргэний уулсаар буюу Бөхмөрөн, Ховд, Өлгий, Өмнөговь, Сагил, Түргэн, Тариалан сумын 2004 хавтгай дөрвөлжин км нутагт 3000 орчим аргаль нутаглаж байна.
1000 га-д 13.3 бодгаль ноогдох нягтаршилтай аж. Сүргийн бүтцийн харьцаа нь 26.9 хувь нь угалз, 39.9 хувь нь хомь, 14.5 хувь нь хурга байна.
Биеийн ерөнхий төрхөөр аргаль нь монгол хоньтой адил төстэй боловч байгалийн нөхцөлд зохицож хөл нь өндөр нарийхан зэгзгэр, үс, ноос нь тачир, ширүүн, годгор жижиг сүүлтэй болжээ. Эр нь том, эм нь арай багавтар биетэй, эрийг нь угалз, эмийг нь хомь, төлийг нь хурга, ерөнхий нэршлийг нь аргаль гэнэ.
Угалзын
биеийн жин нь 200 кг, цээжний өргөн нь 115-120 см, эврийн урт нь 160-180 см,
түүнээс ч урт байх аж. Аргаль нь таана, багалуур, хялгана, элбэгтэй уулын
бэл, толгод, хад асгатай уулаар голлон бэлчээрлэдэг. Аргаль нь долоон сар орчим
хээлээ тээж, 4-5 дугаар сард хургалах бөгөөд ихэрлэх нь нэн ховор байна.