Хүлээлтээс давсан үр дүнтэй уулзалт болсныг Трамп, Мерц нар онцлов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 19 /DW/. Даваа гарагт Вашингтонд Украины Ерөнхийлөгч В.Зеленский, Европын удирдагчидтай хийсэн уулзалтаа “маш их үр дүнтэй болсон” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп дүгнэжээ.
Түүний ярьснаар, өнгөрсөн шөнө
Цагаан ордонд болсон уулзалтын дүнд Зеленский, Путин нарын уулзалтад бэлтгэх
ажил эхэлсэн байна.
Түүнчлэн Украинд аюулгүй байдлын
баталгаа олгоход АНУ оролцоход бэлэн байгаагаа илэрхийлсэнд Европын удирдагчид
болон В.Зеленский сэтгэл хангалуун байжээ. Тодруулбал, Цагаан ордонд болсон
хэлэлцээний үеэр АНУ-тай байр сууриа ялдуулан зохицуулсны үндсэн дээр Европын
орнууд Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцсэн байна.
Д.Трамп Truth Social гэдэг
нийгмийн сүлжээний хуудсандаа бичихдээ, Путин, Зеленский нарын уулзалтад бэлтгэх
үүргийг дэд ерөнхийлөгч Ж.Вэнс, Төрийн нарийн бичгийн дарга М.Рубио, тусгай элч
С.Уиткофф өгсөн бөгөөд уулзах газрыг жич товлоно гэжээ. Энэ уулзалтын дараа
Орос, Украины удирдагчид ба АНУ-ын Ерөнхийлөгч оролцсон гурвалсан уулзалт болох
тухай постыг Д.Трамп нийтэлсэн байна.
Ф.Мерц: Хүлээлтээс давсан уулзалт
боллоо
Цагаан ордны хэлэлцээний үр дүнг
Германы Канцлер Ф.Мерц дүгнэхдээ, хүлээлтээс давсан уулзалт боллоо гэв. Хэвлэлийн
хурлын үеэр тэрбээр хэлэхдээ, Путин, Зеленский нарын уулзалт ойрын хоёр долоо
хоногийн дотор болох ёстой гэлээ.
Уулзалтаас дэвшүүлсэн дөрвөн
үндсэн мессежийг Мерц нэрлээд, удаан бөгөөд эрчимтэй мэтгэлцээний дүнд “АНУ
аюулгүй байдлын баталгааг гарган өгч, Европын орнуудтай түүнийгээ уялдуулан зохицуулахад
бэлэн байгааг” онцлон тэмдэглэлээ.
Харин газар нутгийн асуудлаар
Украины тал Орост буулт хийх асуудлыг Канцлер хөндөн ярихдаа “Украин улс Донбассаас татгалзана гэдэг бол цар хэмжээний хувьд АНУ Флоридагаас татгалзахтай адил”
гэж дүгнэжээ. “Аливаа тусгаар тогтносон улс ийм шийдвэрийг зүгээр нэг гаргахгүй
байх. Энэ бол хэлэлцээний явцад украинчууд өөрсдөө гаргах шийдвэр” гэдгийг Мерц
онцлон тэмдэглэв. Тэгээд ч Вашингтон уулзалтын үеэр газар нутгийн буулт хийх
тухай асуудлыг хөндөн яриагүй гэдгийг тэрбээр дурдлаа.
Түүнчлэн 19-ний өдөр 30 улсаас
бүрдэх “Украинд туслах хүсэлтэй улсуудын эвсэл”-ийн гишүүн орнууд дүрс бичлэгээр
бага хурал хийх гэж байгааг Канцлер мэдэгдэв. Мөн өдөр болох Европын Холбооны
зөвлөлийн ээлжит бус хурлаар Вашингтоны хэлэлцээнд оролцогчид санал бодлоо
солилцох ажээ.
Зеленский “нөхцөл болзол
тавилгүйгээр” Путинтэй уулзахад бэлэн
Дайн дууссаны дараа Украинд
аюулгүй байдлын баталгаа олгоход оролцоход бэлэн гэдгээ Трамп мэдэгдсэн нь “урагш
чиглэсэн том алхам” гэж В.Зеленский дүгнэжээ. Энэ баталгааг 10 хоногийн дотор
боловсруулах ёстой гэдгийг тэрбээр онцоллоо. Баталгааны хүрээнд санхүүгийн
тусламж авахыг Киев эрмэлзэж байгаа бөгөөд уг тусламжаар эдийн засгаа сэргээж, АНУ-аас
зэвсэг худалдан авахаар төлөвлөж байгаагаа Украины Ерөнхийлөгч илэрхийлсэн
байна.
Тэрбээр В.Путинтэй биечлэн уулзахад
бэлэн гэдгээ дурдаад, энхийн хэлэлцээ хийхийн тулд гал зогсоох болзлыг тавихгүй
гэдгээ хэллээ. Мөн хоёр талын олзлогдсон цэргүүдийг солилцоход туслахад бэлэн
гэдгээ Трамп илэрхийлснийг Зеленский дурдав.
Харин газар нутгийн талаарх эмзэг
асуудлыг Путин, Трамп нартай хийх гурван талт уулзалтын үеэр хэлэлцэнэ гэдгийг
Украины Ерөнхийлөгч мэдэгдлээ.