Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-14 22:41:19

Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ц.Нямдоржоор ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт  ажиллаж байна.

Тус ажлын хэсгээс Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр сурталчлах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албанд иргэд, олон нийтийн хяналтыг сайжруулах чиглэлээр аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 22 агентлагаас гадна Шүүх, Прокурор, Гааль, Хилийн цэргийн ангиуд, Хууль сахиулах байгууллагын удирдлагууд, сургууль, цэцэрлэгийн эрхлэгчид, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга, мэргэжилтнүүдэд сургалт явууллаа.

Мөн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүд /Ажлын алба/-тэй уулзалт зохион байгууллаа. Түүнчлэн байгууллагуудын “Эрх бүхий албан тушаалтан”-д, “Мэдүүлэг гаргагч нар”-т зориулсан сургалтуудыг тус тус зохион байгуулж, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авлаа. Мөн АТГ-ын хэвлэмэл хуудас, танилцуулга болон бусад авлигын эсрэг сурталчилгааны материал түгээх ажлыг зохион байгуулж байна.

Тус ажлын хэсэг Сэлэнгэ аймагт 11-р сарын 15-ны өдрийг хүртэл ажиллах аж. Маргааш бизнес эрхлэгчдийн дунд “Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс төсөөллийн судалгаа авах юм байна.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ