Г.Бирваагийн зохиосон нийтийн болон киноны дуунууд УДБЭТ-ын тайзнаа эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-11-15 17:20:49

Төрийн соёрхолт, УГЗ, хөгжмийн зохиолч, удирдаач Гончигийн Бирваагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт энэ сарын  22-нд УДБЭТ-ын тайзнаа болно.

Монголын суу билигт хөгжмийн зохиолчийн нэг Г.Бирваагийн зохиосон “Гоёхон чимэг ч юм уу даа”, “Зандан шоо”, “Дайчин нөхрийн дурсгалд” зэрэг нийтийн дуу, “Дээшээ дээшээ”, “Нэг ангийн хоёр” хүүхдийн дуу, “Хөдөөгийн баясгалан”, “Нийслэл хүү”, “Тууврын замд”, “Баянбулгийнхан” зэрэг киноны дууг мэдэхгүй хүн үгүй бизээ. Тэрбээр нийтийн болон киноны 200-аад дуу,  “Эрдэнэ тээлийн уянга”, “Арван танхил, гурван хашир”, “Шинэ байшинд”, “Их хурим”, “Их говийн зоригтон”, “Амьдралын улаан шугам”, “Харц хатан” зэрэг 13 жүжиг, “Аргат бяцхан баатар”, “Ишиг хөөрхөн нэр”, “Цурхай загасны тушаалаар” зэрэг 18 хүүхдийн жүжгийн хөгжим, найрал хөгжимд зориулсан 150 гаруй найруулга, 30 орчим марш, гоцлол аяз туурвисан юм.

Хүндэтгэлийн тоглолтод түүний бүтээлийн дээжис “Сарлагчин”, “Би хаана төрөө вэ”, “Нарны дуулал”, “Тэмээчин болно би”, “Намрын шөнө”, “Зандан шоо” зэрэг нийтийн дуу, “Улаан дарцаг”, “Хөдөөгийн баясгалан”, “Нийслэл хүү”, “Тууврын замд”, “хөхөө гэрлэх дөхлөө”, “Баянбулгийнхан” зэрэг киноны дуу болон хүүхдийн дуунууд эгшиглэх юм.  

Тоглолтын тасалбар 30, 50 мянган төгрөгийн үнэтэй байх аж.

Дашрамд дурдахад, түүний мэндэлсний 100 жилийн ойд зориулан энэ намар төрсөн нутаг Баянхонгор аймагт нь “Нарны дуулал” уралдаан, кино өдөрлөг, амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэснээс гадна УДЭТ-ын тайзнаа түүний хөгжмийг нь бичсэн “Харц хатан” жүжгийг толилуулсан юм.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ