Өрх толгойлсон хүүхэд гэмт хэрэгт өртөх нь их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт өрх толгойлсон хүүхэд гэмт хэрэгт өртөх нь их байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна.
2016-2017 оны хичээлийн жилд аймгийн төвийн сургуулиудад 150 гаруй хүүхэд өрх толгойлон амьдарч байгаа судалгаа гарчээ.
Малчид аймгийн төвд гэр бариад том хүүхдээрээ дүүг нь харуулан орхидог нь дээрх өрх толгойлсон хүүхдүүдийн хүрээг тэлж байгаа гэнэ. Мөн тодорхой хугацаанд асран халамжлагчгүйгээр үлддэг хүүхдүүд байдаг аж. Тэдний аав ээжүүд нь уул уурхайд болон гар аргаар алт олборлох зэргээр өрхийнхөө орлогыг нэмэгдүүлэхээр үр хүүхдээ орхин явдаг байна. "Ийм хараа хяналтгүй хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь элбэг байдаг. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн дийлэнх нь өрх толгойлсон хүүхдүүд эзэлж байна" гэж аймгийн Цагдаагийн газрын гэр бүл хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилэн сэргийлэх ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Оюунчимэг ярилаа.
Он гарсаар таван гэмт хэрэгт 6 хүүхэд холбогдон шалгагдсан аж. Хэдийгээр гэмт хэргийн тоо өмнөх оноосоо буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч сургуулиудад жижиг хулгай тасрахгүй байгаа юм. Мөн ахлах ангийнхны дунд үе тэнгийнхний дарамт шахалт их байгаа ажээ.
Д.Мишигсүрэн