Аймгийн аварга тогооч нар шалгарав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМонгол Улсын анхны Мастер тогооч Дундговь аймгийн иргэн Н. Магсар агсны нэрэмжит аварга тогооч шалгаруулах уралдаан өнгөрөгч амралтын өдөр Мандалговь хотод болж өндөрлөв.
Монгол Улс нийтийн хоолны салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тогооч нартаа 1966 оноос эхлэн мастер тогооч цол олгодог болсон бөгөөд хамгийн анх Дундговь аймгийн иргэн Нямын Магсар БНМАУ- ын Мастер тогооч цолоор шагнуулсан байдаг. Мастер тогооч цол олгож эхэлсний 50 жилийн ой өнөө жил тохиож байгаатай холбогдуулан анхны мастер тогоочоор овоглосон энэхүү уралдааныг Дундговь аймгийн ЗДТГ, Монголын Мастер тогоочдын холбоо болон Н. Магсар агсны үр хүүхэд, төрөл төрөгсөд хамтран зохион байгуулсан юм.
Уралдаанд Дундговь аймгийн 11 сумын 100 гаруй тогооч эзэмшсэн мэргэжлийнхээ ур чадварыг сорьсон бөгөөд тэмцээний удирдамжийн дагуу уралдаанд оролцсон тогооч нарыг 4 төрөлд шалгарууллаа. Цэцэрлэг, эмнэлэг, сургуулийн тогооч нараас Сайнцагаан сумын 6- р цэцэрлэгийн тогооч М. Алтанцэцэг, ресторан, кафе, зоогийн газрын тогооч нарын төрөлд МСҮТ- ийн технологийн багш С. Цэцэгмаа, талх нарийн боовны тогооч нараас Сайнцагаан сумын “Оргил бэйкери” ХХК- ийн захирал Э. Сүрэнцэцэг нар ур чадвараараа шалгарч, аварга тогоочийн шагналыг гардан авсан юм.
Удаад нь Эрдэнэдалай сумын цэцэрлэгийн тогооч Н. Өлзиймаа, “Мандалговь Хүнс” ХХК- ийн тогооч Ц. Хүрэл- Эрдэнэ, тус компанийн талх, нарийн боовны тогооч С. Буянжаргал дэд байрын шагнал гардсан бол тогоочийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудын төрөлд өрсөлдсөн МСҮТ- ийн оюутан Г. Уянга- Эрдэнэ уралдааны тэргүүн байр, А. Уугангэрэл дэд байрын шагналыг тус тус хүртэв.
Уралдааны шилдэгийн шилдэг багийн төрөлд Сайнцагаан сумын “Бүрд” зоогийн газрын Л. Одгэрэл ахлагчтай тогооч нар тэргүүлж, МСҮТ- ийн С. Цэцэгмаа ахлагчтай баг дэд байрын шагналын эзэд боллоо.
Тогооч нарын ур чадварыг Монголын Мастер тогоочдын холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын зөвлөх инженер, үйлчилгээний гавъяат ажилтан Д.Буяндэлгэр, Монгол Улсын Мастер тогооч, Монгол Улсын зөвлөх инженер, “Октябрь”сангийн тэргүүн, Монголын Тогооч нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Х.Сэлэнгэ, Монголын Мастер тогоочдын холбооны гүйцэтгэх захирал, Олон улсын шүүгч, Мастер тогооч Р.Батбаатар, Монгол Улсын Мастер тогооч Н.Бүүвэйбаатар, Ю.Ганболд, “Гүн шим” ХХК- ийн захирал Ш.Эрдэнэхүү нар шүүн тунгаав.
Т. Отгонтуяа