Завханы хойд чиглэлийн сумдад түргэний машиныг яаралтай хүргүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-12-01 02:11:40

Завханд Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллалаа.

Ажлын хэсэг Завханы хойд бүсийн цагаан зудын нөхцөл байдалд орсон Сонгино, Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авлаа. Тухайлбал малчдад хүрч үйлчлэхэд хүндрэлтэй болсон сумдын замыг гаргахад нэг ковш трактор өгөхөөр болжээ. Мөн хойд чиглэлийн дээрхи таван сумын түргэн тусламжийн машиныг шийдэж зарим сумдад нэмж машин олгохоор болов.  Харин Улсын Онцгой комиссын ажлын хэсэгт Завхан аймгаас  өнгөрсөн зуны үер усны улмаас үүссэн 250 орчим сая төгрөгийн хохиролыг барагдуулах, малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардагдсан зардлуудыг Улсын онцгой комиссоос санхүүжүүлэх, цаашид цаг агаар хүндэрвэл 9 сум зудын байдалд орж болзошгүй учраас энэ сумдад “Эрсдэлээс хамгаалах сан” байгуулах, шатахууны өрийн асуудлыг шийдэх, мөн техник хэрэгсэлийн сэлбэг засвартай холбоотой 100-140 сая төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх саналыг тавьлаа.

Ажлын хэсгийнхэн эдгээр саналуудыг нэлээд нааштайгаар хүлээн авч Улсын онцгой комиссын хурлаар оруулж шийдвэрлэхээ илэрхийллээ. Түүнчлэн Завхан аймгийн Засаг дарга болон аймгийн Онцгой комисс зөвхөн улсаас тусламж гуйсангүй зарим нэгэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.  Тухайлбал хаагдсан замуудыг нээхэд зориулж аймгийн Засаг дарга тодорхой хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж,  зам нээх ажлыг орон нутгийнхаа нөөц бололцоог дайчлан эхлүүлээд байна. Мөн зургаан сумын түргэн тусламжийн машины засвар үйлчилгээний зардал, хойд чиглэлийн дөрвөн сумын өмнөх жилүүдэд үүссэн шатахууны өрийн асуудлыг дотооддоо шийдвэрлэлээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ