ОРХОН: Уурхайчид 4000 орчим ном цуглуулж хүүхэд багачуудад оюуны бэлэг барилаа

ФОТО МЭДЭЭ
g.altantsetseg@montsame.go
2026-04-23 11:39:01

Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Эрдэнэт үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын санаачилгаар Эмэгтэйчүүдийн холбоо, Залуучуудын холбоотой хамтран зохион байгуулсан “Нэг ажилтан-Нэг ном” аяны хаалтын үйл ажиллагаа 4 дүгээр сарын 21-нд боллоо.


Хаалтын үйл ажиллагаанд Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх, Залуучуудын холбооны тэргүүн Г.Чимэдлхам, Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Х.Оюунтунгалаг, мөн Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд болон хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцлоо.


Мөн орос хэлний сургалттай 12 дугаар цэцэрлэгийн багачууд, Ерөнхий боловсролын 19 дүгээр сургуулийн багш, сурагчид, эцэг эхчүүд, “Энэрэл” төвийн хүүхдүүдийн төлөөлөл болон “Эрдэнэт” цогцолбор их сургуулийн оюутнууд оролцож, нас, сэтгэхүйн онцлог, хэрэгцээнд нь тохируулан ангилж багцалсан номын цуглуулгаа хүлээн авчээ.


Энэ үеэр Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх, "Эрдэнэт үйлдвэр ирээдүйн мэргэжилтнүүдээ бага наснаас нь үе шаттайгаар бэлтгэдэг уламжлалтай. Орос хэлний сургалттай цэцэрлэгт хүмүүжсэн хүүхдүүд тус чиглэлийн сургалттай сургуульд үргэлжлүүлэн суралцаж, улмаар ‘Эрдэнэт’ цогцолбор их сургуулийг дамжин мэргэжил эзэмшээд үйлдвэрийн ажилтан болдог. Эрдэнэт үйлдвэр 47 жилийн хугацаанд боловсролын ийм шаталсан тогтолцоог бүрдүүлж ирсэн. Сайн мэргэжилтэн болохын үндэс нь бага наснаасаа ном унших дадал төлөвшүүлэх явдал юм. 2022 онд Хэмнэлтийн тухай хууль батлагдсанаас хойш хүүхдүүдийн номын санг хангалттай баяжуулж чадаагүй. Иймээс бид ажилтнуудынхаа дунд ‘Нэг ажилтан-Нэг ном’ аяныг өрнүүлж, цугларсан номоо өнөөдөр эздэд нь хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна” гэв.

 

Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид хүүхэд, залуусын ном унших сонирхлыг нэмэгдүүлэх, тэдний боловсролд хөрөнгө оруулах, номын сангийн хүртээмжийг сайжруулах үйлсэд идэвхтэй, сэтгэл гарган оролцсоны үр дүнд 4000 орчим ном цуглуулж, хүүхэд багачуудад оюуны бэлэг барьсан байна гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХМОНХА-аас мэдээллээ.