БАЯНХОНГОР: Тарвага ичээнээсээ гарах үеийг автомат камерт буулгажээ

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2026-04-22 17:41:15

Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Богд сумын байгаль хамгаалагч тарвага ичээнээс гарах үед тавьсан автомат камерт дараах дүрсүүд бичигдсэнийг Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа мэдээллээ.


Баянхонгор аймгийн нутагт манай орны байгалийн гурван бүсэд амьдардаг тарвага, үнэг, чоно, ирвэс, аргаль, бор гөрөөс зэрэг олон төрлийн амьтад тархан нутагладаг бөгөөд дэлхийд нэн ховордсон мазаалай ч цөөн тоогоор нутагладаг байна.


Тарвага нь хэрэмнийхэн овогт багтах мэрэгч амьтан юм. Дэлхийд тарваганы нийт 14 зүйл байдгаас Монгол Улсад алтайн тарвага (хар тарвага), хээрийн тарвага (шар тарвага) гэсэн хоёр зүйл нутагладаг. Тэд цаг агаарын хүнд, хомс үеийг ичээндээ ичиж өнгөрөөдөг бөгөөд ихэвчлэн бүлгээрээ байдаг ажээ.


Тарвага ихэвчлэн дөрөвдүгээр сарын эхээр, ханш нээх үеэр ичээнээсээ гардаг. Гэвч цаг уурын өөрчлөлт, мөн хангалттай өөх хуримтлуулж чадаагүй зэрэг шалтгааны улмаас өвөл, хаврын хүйтэнд эрт гарч ирэх, эсвэл ичээнээсээ аажмаар цувран гарах тохиолдол ч бий. Тарвага ичээнээсээ гарч идэвхжихийн хэрээр тарваган тахал тархах эрсдэл нэмэгддэг тул сэрэмжтэй байх шаардлагатай.


Тарвага нь байгалийн “анжис” хэмээн нэрлэгддэг амьтан бөгөөд олон нүх малтан газрын хөрсийг сийрүүлж, үржил шимийг нь сайжруулдаг.