Сумандаа 12 жил суралцах боломж бүрдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавханы Цагаанчулуут сумд 320 хүүхдийн суудалтай шинэ хичээлийн байр ашиглалтад орлоо.
Анх 2012 онд орон нутгийн төсвийн 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шавыг нь тавьж байсан Цагаанчулуут сумын ерөнхий боловсролын 9 жилийн дунд сургууль дөрвөн жилийн дараа ийнхүү шинэ хичээлийн байртай боллоо. Дөрвөн жилийн хугацаанд улсын төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан байна.
Цагаанчулуут сумын ерөнхий боловсролын дунд сургууль 1953 онд байгуулагдсан бөгөөд 1978 онд 160 хүүхдийн судалтай хичээлийн байр, дотуур байр, спорт заал ашиглалтанд орж байжээ. Ийнхүү 38 жилийн дараа тус сургууль 320 хүүхдийн суудалтай хичээлийн шинэ байртай болж багш сурагчид тохилог орчинд хичээл сургалтаа явуулж илүү хөгжих боломж бүрдээд буй юм. Шинэ байр ашиглалтанд орохоос өмнө хүүхдүүд хоёр ээлжээр хичээллэж, байрны хүрэлцээ хангамж муу байсан бол одоо бүх ангийн суралцагчид нэгэн зэрэг хичээллэж, харин үдээс хойш сурагчид өөрсдийн сонирхсон хичээлийнхээ дугуйланд хамрагдах боломж бүрджээ.
Өнөөдрийн байдлаар тус сургуульд 180 гаруй хүүхэд суралцдаг бөгөөд цаашид 12 жилийн бүрэн дунд сургууль болох зорилт тавьжээ. Ингэснээр аймгийн төврүү шилжин суралцаж байгаа сумын хүүхдүүд өөрсдийн гэр орондоо тав тухтай орчинд суралцах боломжтой болов.
Б.Мягмарсүрэн