Хуульзүйн туслалцааны төвөөс иргэд зөвлөгөө биш өмгөөлөл авахыг хүсдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймаг дахь Хуульзүйн туслалцааны төвөөс зөвлөгөө тусламж авахаар энэ онд одоогийн байдлаар 330 гаруй иргэн ханджээ. Үүний дунд эрүүгийн гэмт хэрэгт яллагдагчаар холбогдон өмгөөллийн туслалцаа хүссэн 23 иргэн байна.
Хууль зүйн зөвлөгөө туслалцаа авахаар хандсан иргэдийн 10 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэд байгааг Хуульзүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч Г.Лхам хэллээ. Мөн нийгмийн даатгал, халамж, газрын хуультай холбоотой хуулийн зөвлөгөөг иргэд дийлэнхдээ хүсдэг байна.
Иргэний болон захиргааны хэрэгт холбогдох хуулиар иргэдэд зөвлөгөө л өгдөг үү гэхээс өмгөөллийн туслалцаа үзүүлдэггүй. Өмгөөллийг эрүүгийн гэмт хэргийн яллагдагчид үзүүлдэг. Үүнд иргэд сэтгэл дундуур байдаг бөгөөд аль ч төрлийн хэрэгт төлбөрийн чадваргүйгээс эрх нь зөрчигдөх эрсдэл олон иргэнд тулгардаг тул өмгөөллийн туслалцаа тэдэнд хэрэгтэй байдаг гэлээ.
Төлбөрийн чадваргүй яллагдагч гэдэг нь өрхийн амьжиргааны нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхийн гишүүн, онцгой болон хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг хамааруулж ойлгохыг хуульд заасан байна.
Монгол Улсын Засгийн газар 2006 онд Төлбөрийн чадваргүй иргэдэд хуульзүйн туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөрийг баталсан. Үүнд үндэслэн Хуульзүйн яам, НҮБ- ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгтэйгээр аймгуудын ЗДТГ-ын Хуульзүйн хэлтсийн үйл ажиллагаанд түшиглэн төлбөрийн чадваргүй иргэдэд хуульзуйн туслалцаа үзүүлэхээр Эрхзүйн туслалцааны төвийг байгуулсан.
2013 онд Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хуульзүйн туслалцааны тухай хууль батлагдсанаар Хуульзүйн туслалцааны төв болж үйл ажиллагаа нь үргэлжилж байгаа ажээ.
Т. Отгонтуяа