Их эрдэмтнээ эргэн дурсав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭЭнэ өдөр тохиосон эрдмийн баяртай давхцсан их эрдэмтний 110 насны ойн хүрээнд сүндэрлэж буй хөшөөний нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцсон эрхэм зочид төлөөлөгчид өөр өөрсдийн сэтгэлийн үгээ илэрхийллээ.
Б.Ринчений нэрэмжит Алтанбулаг сумын ЕББД сургуулийн захирал Б.Эрдэнэ-Очир:
20 дугаар зууны нэрт соён гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн Б.Ринчений хөшөөний нээлт, эрдмийн баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн төр засаг, аймаг орон нутгийн удирдлагууд, эрдэмтэн мэргэд, багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчдад Монгол орны умард хязгаарт 1922 оны 10 сарын 26-нд эрдмийн үүдээ нээсэн 93 жилийн замналтай монгол улсын хөдөөгийн анхны сургуулийн хамт олны чин сэтгэлийн талархлыг илэрхийлж мэндчилье. Их эрдэмтэн маань Алтанбулагийн сайдын яаманд тал бичээчээр ажиллахын зэрэгцээ Алтанбулагийн бага сургуульд дэлхийн байгалийн тухай хичээл зааж, эх орны умард хилд соёлын үрийг түгээн дэлгэрүүлсэн орчин цагийн боловсролын анхын багш нарын нэг байлаа. Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 07 сарын 06-ны өдрийн 153 тоот тогтоолоор билгүүн номч Б.Ринчений нэрэмжит сургууль болсноороо бид нэн бахархдаг. Бахархаад зогсохгүй монгол үндэсний бичиг соёлын төлөө зүрх сэтгэлээ зориулсан түүний түүхэн гавъяаг алдаршуулж, 2005, 2012 онд төвийн бүсийн аймгуудын, 2015 оны 4-р сард монгол бичгийн улсын 12-р олимпиадыг монголын орчин цагийн боловсролын түүхэнд анх удаа их эрдэмтний нэрэмжит олимпиад болгон зохион байгуулсан.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт:
- Монгол Улсын хэл шинжлэлийн ухааны ууган доктор, БНМАУ-ын анхны 9 академичийн нэг, тухайн цаг үеийнхээ үндэсний сэхээтний шилдэг төлөөлөгч, шинэ цаг үеийн оюун санааны чиглүүлэгч, төрийн шагналт, билгүүн номч, нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Б.Ринчен бол бидний хувьд нэр төр, алдар хүндэтгэлийн үлгэр дуурайл болсон их хүмүүний нэг юм. Эх орон нутаг усныхаа түүхэн уламжлал бүхэнд сэтгэлээ чилээж, монгол үндэстний оюуны дархлааг хамгаалан манаж байсан тэр их хүмүүн бидний дэргэд, Алтанбулаг суманд төрж өссөн. Өнөөдөр та бид энэ их хүмүүний хөшөөг босгож, хойч үеийнхний бахархалыг сэргээж байна. Судар бичгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн энэ их хүмүүн монгол бичгийн хөгжил уламжлалыг хадгалах, өвлүүлэн үлдээх, цаашдын хөгжилд онолын боловсруулалт хийх, боловсронгуй болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан шилдэг эрдэмтэн юм.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат:
-Монгол үндэстний оюун ухаан, авъяас билгийн оргил, эрдэмтэн зохиолч Б.Ринчений мэндэлсний 110 жилийн ой, шинэ хичээлийн жилийн нээлтийн эрдмийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Монгол хүний оюун ухаан авъяас билгийг өөрийн бүтээл туурвил, амьдралын замналаараа батлан харуулсан, эх орон, үндэс угсаа, эх хэл, түүх соёлоо эрхэмлэн дээдэлж, түүнийхээ төлөө тууштай тэмцэгч хүн бол Б.Ринчен агсан байлаа. Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, монгол хэл бичиг, угсаатны зүй судлаач Б.Ринчен алдарт “Цогт тайж” зохиол, “Үүрийн туяа” гурвалсан роман, “Заан залуудай” балар эртний сэдэвт романыг туурвисны зэрэгцээ, гадаадын суу билэгт зохиолчдын бүтээлүүдийг бидэнд хөрвүүлэн үлдээсэн. Монголын ард түмний соёлын өв уламжлалыг судлан сурталчилж, үндэснийхээ бичгийн хэлийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч “Монгол бичгийн хэлний зүй” 4 боть, “Угсаатны хэл зүй” лавлах ном бүтээсэн нь олон нийтийн оюун ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Сэлэнгэ аймаг энэ их хүнийхээ ойг он дуустал олон арга хэмжээгээр өрнүүн тэмдэглэхээр төлөвлөсөн. Өнөөдөр аймаг орон нутгийн хүсэлт, санаачлагыг дэмжин Монгол Улсын Засгийн газраас их эрдэмтний хөшөөг эх орны хойд хил дээр босгож мөнхжүүлж байгаад талархаж байна. Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, түүх соёлоо хүүхэд багачууд, ирээдүй хойч үеийнхэн маань нэн хайрлан дээдэлж, бадруулан мөнхжүүлж, эгнэгт хэтийг сахиж, галыг манахын билэгдэл болгон энэхүү хөшөөг босгож байгаа билээ. Их эрдэмтний монголын түүхэнд үлдээсэн ул мөр, бүтээл туурвилаар бахархаж, түүнээс суралцаж, монгол үндэсний түүх их хэл соёлоо эрхэмлэн дээдэлж, их эрдэмтний замналыг үргэлжлүүлэх эрдэмтэн мэргэд Сэлэнгийн үр садаас олноороо төрөн гарах болтугай. Сайн бүхэн өдөр бүр өрнөж, сар болгон сайжирч, жил бүр жигдэрч, мянган жилдээ мятрашгүй байхын ерөөл өргөе.
Б.Ринчений хүү Барсболд:
Өнөөдрийн энэ үйл ажиллагаа нь Монгол Улсын түүхэнд тэмдэглүүштэй сайхан үйл явдал болж байна. Эрдэмтэн зохиолч маань залуу цагаасаа монгол улсын түүх, үндэсний соёл, чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэлийг дэлгэрүүлэх, хөгжүүлэх, батжуулах тал дээр ихээхэн ажил хийсэн хүн. Амаргүй цаг үед олон бэрхшээлийг даван туулсан. Монголчууд байх нь үндэстний соёл түүний илэрхийлэл, бичиг үсэгтэй холбоотой гэдгийг илэрхийлэн ярьж, тэмцэлдэж байсан хүн. Өнөөдрийн энэ сайхан өдөр энэхүү хөшөөг байгуулахад тус дэм үзүүлсэн Монгол Улсын Засгийн Газар, Сэлэнгэ аймгийн удирдлага, сургуулийн хамт олон, сурагчдад талархлаа илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе.
СГЗ, Ардын уран зохиолч Т.Галсан:
Багшийнхаа 100 насны ойгоор хөшөөг нь Улсын төв номын сангийн үүдэнд ард иргэдээс санал авч байж байгуулж байлаа. Өнөөдрийн энэ арга хэмжээ ганц Сэлэнгэ аймаг бус Монгол улсын хэмжээнд тэмдэглүүштэй томоохон арга хэмжээ болж байна. Арга хэмжээг нэр төдий биш жинхэнэ утга агуулгаар нь бүтэн жилийн турш тэмдэглэж байгаа Сэлэнгэ аймгийн удирдлагын багийнханд талархал илэрхийлье. Миний бие “Аугаа их Ринчений аянган үгс” хэмээх 2 боть номыг энэ онд багтааж та бүхнийхээ гар дээр хүргэхээр бэлтгээд байна.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг
Сэтгэгдлүүд