Цагийн нөхцөл байдал хүндэрвэл отроор нүүх айлууд нэмэгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-12-08 12:40:46

 Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Тариалан сумын Засаг дарга С.Төгсболдоос тус сумын өвөлжилтийн талаар тодрууллаа.  

 Тариалан сумын хувьд өвөлжилтийн нөхцөл байдал одоохондоо гайгүй байна. Нэг багийн малчид эрсдэлийг даван туулахаар Ховд, Өмнөговь суманд өвөлжилтөө отор хэлбэрээр хийхээр явсан. Цаана нь байгаа Тарвагатай, Мянган багийн хувьд цасны зузаан ихтэй, өвс идүүр муу, бод мал бэлчээрлэхэд хүнд хэцүү нөхцөл байдал үүсээд байгаа. Ховд суманд 11, Өмнөговь суманд 52 малчин өрх өвөлжихөөр гэрээ хийсэн. Цагийн нөхцөл байдлаас болоод нүүж байгаа малчид ч байна. Цаашдаа нөхцөл байдал хүндэрвэл отроор нүүх айлууд нэмэгдэх байх.

Сумын нөөцөд одоогоор бэлтгэж авсан өвс, тэжээл байхгүй. Энэ жил өвс ногоо элбэг сайхан зун болсон тул малчид, иргэд маань өөрсдөө хадлан тэжээлээ сайтар базааж авсан. Ийм болохоор сум орон нутгийн удирдлагын хувьд өвөлжилтийг хүндрэлгүй даван туулах байхаа гэсэн итгэл сэтгэлтэй байгаа. Орон нутгийн давсан орлогоос тодорхой хэмжээний хөрөнгө шийдвэрлэж өвс, тэжээл бэлтгэх асуудлыг төсвийн тодотголоор ярьж тохирсон.

Энэ жил манай сумын төсөвт байгууллагууд төвлөрсөн халаалтад холбогдсон. Үүнтэй холбоотойгоор тодорхой хэмжээгээр халаалтын өр үүсэх магадлалтай болоод байна. Яагаад гэвэл энэ жил манай суманд 640 хүүхдийн суудалтай 3 давхар сургуулийн барилга баригдсан учраас халаалтын өр үүсч байгаа. Шоо метрийн үнэ өртгийг аль болох хямд байлгах талаар дулаан нийлүүлж байгаа компанитайгаа ярьж тохиролцоно. Мөн гэрэл цахилгааны өрүүд бий. Үүнийгээ бас орон нутгийн давсан орлогоос шийдвэрлэнэ.

Миний хувьд Тариалан сумын Засаг даргаар өнгөрсөн 11-р сарын 23-нд томилогдсон. Түүнээс хойш Ховд, Өмнөговь сумтай малчдаа өвөлжүүлэх талаар гэрээ хэлцэл хийж, багуудын ИНХ-ыг хуралдуулан дарга удирдлагуудыг нь сонгосон. Тэрчлэн сургууль, эмнэлэг, цэцэрлэг зэрэг төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, ажлаа жигдрүүлээд явж байна.

Аймгийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт сумын ЗДТГ-ын байр барих, 75 хүүхдийн дотуур байранд засвар хийх, Бор хавцал, Мээрэн, Бургастайд гол дагуу 4 га-д нөхөн сэргээлт хийх асуудлыг тусгуулсан.

Б.Батхүү

Холбоотой мэдээ