Мотоциклийн хөдөлгөөнийг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-09 20:25:36

Баянхонгор аймагт энэ сарын 1-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэл түр хугацаанд мотоциклийн хөдөлгөөнийг хориглох захирамж гарчээ.

Хүйтний улиралд замын зорчих хэсгийн гадаргуу цасаар хучигдан халтиргаа гулгаа үүсч, авто замын нөхцөл байдал хүндэрсэн үед мотоциклоор замын хөдөлгөөнд оролцогчдын амь нас, эрүүл мэнд осол гэмтэлд учирч болзошгүй байдаг тул тус арга хэмжээг авч буй аж. "Аюул ослоос урьдчилан сэргийлэх, учирч болох хор хохирол эрсдлийг багасгах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад тус арга хэмжээ чухал ач холбогдолтой. Өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад Түр хугацааны хориг тавьж эхэлснээс хойш хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг буурсан" хэмээн албаныхан онцлов.

Орон нутгийн иргэд мотоциклийг ахуйн хэрэглээндээ өргөнөөр ашиглаж байгаагаас малын бэлчээрт, шороон замд хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осолд орж эрүүл мэнд, амь насаараа хохирдог байна. Тиймээс тус хориг Баянхонгор аймгийн нийт нутаг дэвсгэрт үйлчлэх аж.

                                                                                                                             Б.Мөнхзул

Холбоотой мэдээ