Аймгийн удирдлагууд хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
montsame_user@montsame.mn
2015-09-04 17:11:45

Аймгийн төв Сүхбаатар сумын ЕББД сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд оролцлоо.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат Сүхбаатар сумын 12 жилийн 2 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, Сэлэнгэ нутгийн ирээдүй болсон хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгчиддээ баярын мэнд хүргэн, сурлага хөдөлмөрт нь амжилт хүслээ. Тэрээр Эрдмийн баярын нээлтэд хүрэлцэн ирсэн нийт сурагчид, түүний дотроос анх удаа сургуулийн алтан босгыг алхаж байгаа 6 настай эрхэм багачууддаа эрдмийн баярын өдрийн мэндийг хүргэе. Сэлэнгэ аймгийн 32 цэцэрлэг, төрийн болон хувийн хэвшийн 35 сургууль хүүхдүүдээ хүлээн авч, энэ жилийнхээ үйл ажиллагаа явуулах зорилт, зорилгоо тодорхойлон нээлтээ хийж байна. Сэлэнгэ аймаг энэ жилийн ЕБС-иуддаа тодорхой зорилт дэвшүүлж  2015-2016 оны хичээлийн жилд үр дүнг нь үзэхээр хичээлийн жилээ эхлүүлж байна. Өнгөрсөн 2012, 2013, 2014 оны хичээлийн жилд монгол орон даяар засгийн газраас хэрэгжүүлсэн "Зөв Монгол хүүхэд", "Авъяас", "Ном" зэрэг олон хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд  сурагчид өөрсдийн авъяасыг нээж, амьдралдаа хэрэг болох зүйлийнхээ арга барилд суралцсан.  Тиймээс 2015-2016 онд өөрийгөө бүрэн илэрхийлж, өөрөө өөртөө итгэлтэй хүн болоход нь урам дэм өгөх, хүүхдүүдээ урамшуулах тал дээр онцгойлон анхаарч ажиллах болно. Мөн аймгийн Засаг даргын 2012-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр дотор аймгийн төв Сүхбаатар сумыг хотын зэрэглэлтэй болгох үндсэн хэв шинжийг байгуулж эхлэх, аймгийн төвийг Алтанбулаг сумтай холбох, боомт хотыг бий болгох ажлыг эхлүүлээд байна. Дэд бүтцийг нь татаад шинэ хорооллууд барьж эхэллээ. 10-д хоногийн дараа “Сэлэнгэ” хаус хорооллын эхний барилга ашиглалтад орно. Ахмадууд, залуучууддаа зориулсан гэр бүлийн ордон, хуримын ордонг энэ намар ашиглалтад оруулна.Мөн “Ногоон Сэлэнгэ” хөтөлбөрийн хүрээнд ногоон байгууламж, мод бут цэцэг тарьж, иргэд маань өөрсдийн хийж бүтээснээрээ  бахархах, сайхан орчин бүрдүүлэхийн төлөө аймгийн ЗДТГ онцгой анхаарлаа хандуулан ажиллаж байна. Энэ ажилд манай сургууль, багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхдүүд маань гол хүч болж идэвхи чармайлттай ажилласаныг онцгойлон тэмдэглэж, баяр хүргэе” гэлээ. Тус сургуульд энэ хичээлийн жилд 700 гаруй хүүхэд суралцаж, 1-р ангид 120 гаруй хүүхэд элсэн орж 4 бүлгээр хичээллэх аж. Энэ хамт олон мэргэжлийн олимпиад болон элсэлтийн ерөнхий шалгалтын үзүүлэлтээрээ аймагтаа эхний гурван байрт шалгардаг, аймгийн хэмжээнд зарласан “Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөнд амжилттай оролцон сургуулиудаа магнайлаад байгаа юм байна.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд