Малчид цаг агаарын мэдээг дэлгэрэнгүй авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-06 01:55:36

Завханы малчид цаг агаарын мэдээг гар утаснаасаа авч байна.

“Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь төслийг Монгол улсын 15 аймагт хэрэгжүүлж байгаагийн нэг нь Завхан аймаг юм. Энэ төсөл нь орон нутгийн иргэдийн дунд цаг агаарын урьдчилсан мэдээллийн хүртээмж, хэрэглээг нэмэгдүүлж, зуднаас авсан сургамж, даван туулсан сайн туршлагуудыг  нэгтгэж түгээснээр малчид болон орон нутгийн эдийн засагт учирч болох зудын гарз хохирлыг багасгах, эрсдлийг бууруулах зорилготой ажээ.

Төслийн хүрээнд Завханы Алдархаан, Асгат, Баянтэс, Баянхайрхан, Идэр, Нөмрөг гэхчлэн 20 сумын малчид гар утсандаа цаг агаарын мэдээллийг хүлээн авч байна. Тодруулбал малчид өөрийн аж  төрж буй сум, багийн бүсчлэлийн кодыг 98018000 дугаарт мессэжээр илгээх бөгөөд ингэхдээ нэгээс гурван хоногийн цаг агаарын мэдээг авах бол нэг, дөрвөөс зургаа хоногийн мэдээ авах бол хоёрын тоог тус тус бичиж дээрхи дугаарт илгээснээр хүссэн хоногийнхоо цаг агаарын мэдээгээ хүлээн авах юм байна.  Үүний хариуд тухайн багийн нутагт цаг агаар ямар байх талаар хариу мэдээлэл ирнэ.

Харин бэлчээрийн ургамлын гарцын талаар мэдээлэл авах бол гуравын тоог мессэжээр илгээдэг аж. “Мерси Кор” олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар 400 гаруй малчин мессэж илгээн цаг агаарын мэдээлэл хүлээн авчээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ