Завханы Сонгино сумын сургууль “Цэгцтэй сэтгэгч хүүхэд” төсөл хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-02-04 02:18:56

Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуугийн нэрэмжит Улсын тэргүүний Сонгино сумын 12 жилийн дунд сургууль өнгөрсөн жил боловсролыг дэмжих жил болгон зарлаж олон үйл ажиллагааг зохион явуулжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сурвалжлан хүргэж байна.

Өнөөдрийн байдлаар тус сургуульд 12 бүлэгт 321 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 12 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрчээ. Сургуулийн захирлын санаачлагаар сумынхаа ИТХ-аар 2016 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж боловсролыг дэмжих сан үүсгэн байгуулжээ. Тус санд өнгөрсөн жил 2.5 сая төгрөг хуримтлагдсан байна. Энэ сангийн хөрөнгийг хүүхдүүдийн сурч хүмүүжих орчин нөхцлийг сайжруулах, хүүхдүүдийн санаачлагад тулгуурлан олон төрлийн тэмцээн уралдаануудыг ивээн тэтгэжээ. Түүнчлэн сургуулийн захиргаа өөрсдийн нөөц боломжид тулгуурлан сургуулийн хайсыг шинэчлэж засвар, тохижилт, бүтээн байгуулалтын ажилд 3.4 сая гаруй төгрөгийг зарцуулсан байна.   

Цэгцтэй сэтгэгч хүүхэд төсөлд 300 хүүхэд хамрагдаж байна

Сонгино сумын 12 жилийн сургууль нь үндэсний хэмжээнд зарлагдсан сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт бага ангийн сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх “Цэгцтэй сэтгэгч хүүхэд” төслийг бичиж амжилттай хэрэгжүүлж байна.  

Цэгцтэй сэтгэгч хүүхэд төслийн хүрээнд  3000 ам.долларын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурснаар өнгөрсөн оны 10 дугаар сараас төслийн нэгдүгээр шатны санхүүжилт болох 4.8 сая төгрөгийг авч, төслийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд тус сургуулийн 300 хүүхэд математик сэтгэлгээг хөгжүүлэх гүнзгийрүүлсэн сургалтад хичээлийн бус цагаар хамрагдаж байна. Төсөл гурван жил үргэлжлэх юм байна.

Сонгино сумын иргэд хүүхэд багачуудынхаа хөгжилд дэмжлэг үзүүлжээ

Сонгино сумын сургуульд боловсролыг дэмжих жилийн хүрээнд хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр сум орон нутгийн иргэд аж ахуйн нэгжүүдээс олон талын дэмжлэг үзүүлж байна.

Тухайлбал сумандаа “Хүрэл тулга”, “Уран жиргээ” яруу найргийн наадмыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд уламжлалт гадаад дууны уралдааныг “Номин” зоогийн газрын эзэн А.Ламжав нар ивээн тэтгэжээ. Харин бага ангийн сурагчдын дунд явагддаг математикийн мини олимпиадыг Эрүүл мэндийн төвийн хамт олон, “Гайхамшигт монгол бичиг-2016” уралдааны хүүхдийн насны ангиллын шагналыг сумын Засаг даргын орлогч А.Лхагва, насанд хүрэгчдийн ангиллын шагналыг Зэвсэгт хүчний 0274 дүгээр тусгай ротын хамт олон, химийн бүсийн олимпиадыг У.Хөтгөрийн хань, үр хүүхдүүд гэхчлэн нийт нэг сая орчим төгрөгөөр ивээн тэтгэжээ. Мөн сургуулийн химийн кабинетыг МУИС-ийн багш, доктор профессор А.Авирмэдийн нэрэмжит болгож 1.1 сая гаруй төгрөгийн үнэ бүхий 112 ширхэг номыг хандивлаж тохижуулжээ.

Сонгины сургуулийн суралцагчид аймагтаа сурлагаараа тэргүүлдэг

Сонгино сумын Улсын тэргүүний 12 жилийн сургууль нь улс бүсдээ сурлагаараа байнга тэргүүлдэг ажээ.  

Өнгөрсөн жилд тус сургуулийн суралцагчдаас улсын төрөлжсөн олимпиадын хоёрын даваанаас алтан медаль нэг, мөнгөн медаль дөрвийг хүртсэн амжилтыг үзүүлсэн байна. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын 2016 оны үнэлгээгээр 21 сургуулиас наймдугаар байрт эрэмбэлэгдэж, нийгмийн ухааны хичээлээр аймагт нэгдүгээр байр, газарзүйн хичээлээр зургадугаар байр, математикийн хичээлээр долдугаар байрыг эзэлсэн амжилтыг гаргасан байна.  Түүнчлэн олон улсын математикийн “Кенгуру-2016” эчнээ олимпиадад 89 сурагч оролцож, 12 сурагч шагналт байранд шалгарчээ. Мөн “Сэтгэх чадварын намрын сорилго -2016” улсын уралдаанд 139 сурагч оролцож, 10 сурагч “Топ” үнэлгээний батламж гардан авчээ.

Малчин эцэг эхчүүд хүүхдийнхээ сурч буй орчинтой танилцах боломжтой

Сонгино сумын сургууль “Эцэг эхийн өдөр” судалгаат хичээлийн үйл ажиллагааг жил бүр зохион байгуулж байна.

Судалгаат хичээлд давхардсан тоогоор 394 эцэг, эх, асран хамгаалагч оролцжээ. Энэхүү хичээлийн зорилго нь хүүхдүүдийнхээ сурч судлаж буй хичээлд эцэг эхчүүдээс үнэлэлт дүгнэл өгөх, харилцан санал авах, багш нарын заах аргыг хэрхэн яаж өөрчлөх гээд багш эцэг эхийн хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх юм. Үүний үр дүнд хүүхэд бүр төлөвших хичээлдээ дур сонирхолтой болох олон талын ач холбогдолтой ажээ. Түүнчлэн тус сургуулийн захиргаанаас сум, сургуулийн түвшинд зохион байгуулагдсан аливаа үйл ажиллагааг суралцагчид, эцэг эх, хамт олон, нийт иргэдэд тайлагнан танилцуулдаг уламжлалтай.  Тодруулбал жилд нэгээс хоёр удаа багуудын хуралд оролцож, сургуулийн тайланг тавьдаг ба өнгөрсөн жил 2700 гаруй малчин, иргэнд тайлангаа тавьжээ. Ингэснээр малчид өөрсдийн үр хүүхдүүдээ ямар орчинд сурч хүмүүжиж ямар сургалт авч байгаатай танилцах боломж олгодог. Сүүлийн гурван жилийн хугацаанд эцэг, эх, асран хамгаалагч, төрийн болон ТББ-уудтай нягт хамтран ажиллахын зэрэгцээ тэдний оролцоо, үүргийг сургуулийн сургалт, хүмүүжлийн ажил руу чиглүүлж ажилласан нь үр дүнгээ өгч байна хэмээн Сонгино сумын сургуулийн захиргаанаас мэдээллээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ