"Лалын улс"-тай холбоотой 760 хүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-02-06 17:22:50

АНКАРА. /TASS/. Туркийн цагдаа нар тус улсын 29 мужид “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй сэжигтэй хүмүүсийг баривчлах ажиллагаа явууллаа. Аюулгүй байдлын ерөнхий газрын мэдээлснээр, баривчлагдсан хүмүүсийн тоо 763 болсон байна.

Тусгай ажиллагааг 2 дугаар сарын 5-нд нэгэн зэрэг 29 мужид явуулж эхэлжээ. Мужуудын аюулаас хамгаалах байгууллагуудын терроризмтой тэмцэх албаны ажилтнууд "Лалын улс"-ын гишүүд оршин сууж байх магадлалтай газруудад нэгэн зэрэг самналт нэгжлэг хийсэн байна.

Саатуулагдсан хүмүүсийн гэр орноос нь хэвлэсэн болон цахим хэлбэрээр үйлдсэн "Лалын улс"-тай холбоотой бичиг баримтууд, исламын болон хэт даврах үзлийг сурталчилсан номууд их хэмжээгээр олдсон төдийгүй бүртгэлгүй хоёр гар буу, дөрвөн урт буу, 370 гаруй сум илрүүлэн хураажээ. 

Ням гарагт явуулсан самналт нэгжлэгийн явцад 400 орчим сэжигтнийг саатуулсан байна. Тэднээс хамгийн олон хүнийг Шанлыурфа /150/, Анкара /60/, Газиантеп /47/, Бурса /46/ зэрэг мужуудад баривчилжээ. Цагдаагийн нэгжлэг самналт Стамбул, Измир болон Туркийн нутгуудад ч хийгджээ.

Сэжигтнүүдийн дунд алан хядагчдын үйл ажиллагаагаа явуулж буй бүс нутгууд болон Сири рүү тогтмол зорчдог байсан гадаадын иргэд ч байгаа аж.

О. Барс

 

Холбоотой мэдээ