Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы хуралдаанд оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-10 18:29:45

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компани дахь “Монгол зэс” корпорацийн эзэмшлийн 49 хувийг төрийн өмчид авах тогтоолыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, “Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хууль зөрчиж гаргасан шийдвэрийн хоёрдугаар гарын үсгийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат гарын үсэг зурсан байдаг. Тогтоолд гарын үсэг зурсаны хувьд та тайлбар хийх үү” гэхэд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, “Улстөрөөр ял оноож, хувийн өмчийг дээрэмдэж байна. Тухайн үед ямар ч хууль зөрчөөгүй. Надад УИХ-д танилцуул гэж үүрэг өгсөн. Шинэ УИХ бүрэлдээд уг асуудлыг хамгийн эхэнд хэлэлцэх байсан. Гэвч танилцуулах боломж олдоогүй. Өнөөдөр Эрдэнэтийн асуудлаар улстөржиж байна. Бусдын өмч гэсэн ойлголт биднээс холдоод байгаа юм биш биз дээ” гэв.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, "Засгийн газар тухайн үед энэ компанид хууль бусаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг олгосон. Эл асуудлыг УИХ-аар оруулсан бол нөхцөл байдал ийм түвшинд хүрэхгүй байсан" гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өмнөх Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн гэсэн ижил байр суурьтай байв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Хувийн өмчид халдсан мэтээр тайлбарлаад байна. Хууль бусаар алдсан өмчөө төр буцааж авч байгаа хэрэг юм. Харин цаашид Эрдэнэт үйлдвэрийн засаглалыг сайжруулах шаардлага бол бий" гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, "Адилхан зэс боловсруулж буй "Оюутолгой" төсөл өнгөрсөн жилийн хэмжээндээ татвараа төлж л байна. Гэтэл "Эрдэнэт үйлдвэр"-ийн энэ жилийн татвар 228 тэрбум төгрөгөөр тасрах нь. Энэ маягаар явбал татвар төлөхөө болих нь" гэлээ.

УИХ -ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, “Үндсэн хууль, бусад хууль зөрчсөн байна. Мөнгөний эх үүсвэр нь луйврын шинжтэй. Иймээс дараагийн шийдвэртээ анхаарах хэрэгтэй. Үүнийг өөгшүүлсэн Монголбанкны захирал, Ерөнхий сайдад төр ямар хариуцлага хүлээлгэх юм бэ. Хууль хяналтын байгууллага шударга ажиллаж чадах уу. Ажиллаж чадахгүй бол яах ёстой вэ" гэсэн асуудлыг тодруулж байлаа.

УИХ-ын гишүүн Ч.Улаан, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувь хэзээ нэгэн цагт Монголдоо ирэх байсан. Монголдоо иржээ. ОХУ-аас ирсэн захидалд та нар дотроо учраа олоорой гэсэн байна. Ард түмэнд очих ёстой хувийг хэсэг бүлэг хүмүүс луйвардаж авчээ. Ард түмний өмч нэр зүсээ хэд хэд өөрчилсөн, эзэн биегүй субьектэд очсон байхад төр өмчдөө анхаарах нь зүйтэй. 49 хувийг худалдаж авсан хөрөнгө нь луйврын шинжтэй. Олон улсын хоёр гэрээ, УИХ-ын нэг тогтоол, хоёр хуулийг зөрчсөн байна" гэв. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувиас хувийн хэвшлийнхэн хувь эзэмшээсэй хэмээн хүсч байсан. Гэхдээ хэт давуу боломжоор авсан байна. Арбитр дээр асуудал яригдах уу" гэсэн асуултыг тавихад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, "Арбитрт хандана гэсэн заалт тусгасан байсан. Засгийн газар энэ гэрээний нэг тал биш. Тиймээс асуудал хүндрэхгүй байх гэж харж байгаа" хэмээн хариулсан.

Хэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы хуралдаанд оролцохоор ирснийг мэдэгдэв.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.Туул

Холбоотой мэдээ