Шадар сайд У.Хүрэлсүх Булган суманд өвс, тэжээл, тусламжийн бараа хүргэж өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-02-21 15:00:18

Ховд/МОНЦАМЭ/ Өнөөдрийн байдлаар Монгол  улсын  нийт  нутаг дэвсгэрийн  70 гаруй хувь нь цасан  бүрхүүлтэй.  17 аймгийн  137 суманд өвөлжилтийн хувьд   цас ихтэй байгаа юм.  Өвөлжилтийн   байдалтай  газар дээр нь очиж  танилцах,  үнэлгээ  дүгнэлт  өгөх  зорилготой  Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга  У.Хүрэлсүхээр  ахлуулсан  “Шуурхай бүлэг”  02 сарын 17-ны өдөр Ховд  аймгийн  Булган  суманд  ажиллалаа.

Шадар сайд У.Хүрэлсүхээр  ахлуулсан  ажлын хэсгийн  бүрэлдэхүүнд  Улсын Онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, Бригадын генерал  Т.Бадрал  хүрэлцэн иржээ.  Тус  шуурхай бүлгийг   УИХ-ын гишүүн ХЗДХЯ-ны сайд С.Бямбацогт ,  УИХ-ын гишүүн О.Батнасан, Аймгийн Засаг дарга Д.Галсандондог,  аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди  тэргүүнтэй  аймгийн удирдах ажилтангууд  Булган  сумын Цоохор нуур гэдэг  газраас тосч авлаа.

Ингээд  Шадар сайд У.Хүрэлсүх  Булган  сумын иргэд  хөдөлмөрчид, малчидтай  уулзаж  өвөлжилтийн  хүндрэлийг  давахад  тусламж  дэмжлэг   үзүүлэх  үүднээс   40 тонн  өвс,  Улсын  нөөцөөс  50 хувийн  хямдралаар  олгосон  20  тонн  тэжээл  болон  Олон  улсын Улаан Загалмай нийгэмлэг, НҮБ-ийн Монгол дахь  суурин  төлөөлөгчийн  газраас  малчид  хөдөлмөрчдөд   хандивласан  тусламжийн бараа  материалыг   хүргэж өгөөд   Булган сумын Засаг дарга Ховд аймгийн Б.Амгаланбадрахад  хүлээлгэн өгсөн юм.

Шадар сайд энэ үеэр  Булган  сумын Нэгдсэн эмнэлэгт   түргэн  тусламжийн  үйлчилгээ  үзүүлэх  шинэ Пургон  машиныг  гардуулан  өглөө.

Монгол орны  Баруун  хил  хязгаарыг  хамгаалж  ирсэн баатарлаг  түүхт  Булган сумын  нутгийн зон олны  зүгээс  Шадар сайд  У.Хүрэлсүх,  УИХ-ын гишүүн  ХЗДХЯ-ны сайд  С.Бямбацогт,   УИХ-ын гишүүн  О.Батнасан,  ОБЕГ-ын дарга, Бригадын генерал  Т.Бадрал  нарт  хурдан  удмын жороо морь  тус  тус бэлэглэсэн юм.

Энэ үйл явдлын дараа Монгол  улсын  ЗГ-ын гишүүн, Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга  У.Хүрэлсүх  Булган сумын Онцгой комиссыг   хуралдууллаа.  Тус  хуралдааны  үеэр  Булган сумын Засаг дарга, сумын Онцгой комиссын дарга Б.Амгаланбадрах  цаг  үе, нөхцөл байдал,  сумын онцгой комиссын  авч хэрэгжүүлж буй ажил, арга  хэмжээний  талаар  тодорхой  мэдээлэл  хийв.  Тодруулбал Булган суманд  11 сарын дунд  үеэс  эхлэн  их хэмжээний цас  орсон.  Түүнээс  хойш  сумын Онцгой комисс, аймгийн  Онцгой комисс  хамтран  Малчин өрхөд  хүрч  ажиллаж  олон  удаагийн хандив тусламжийг  хүргэсэн байна.   Одоогоор  цаг  агаарын нөхцөл байдал сайжирч, хүндрэл багасаж байгаа аж. Харин урин  дулаан цаг ирж буй  энэ үед  усны  халиа,  хачир дэлгэгдэж  эхэлжээ.

Булган сумын  төв  орчмоор болон  Алагтолгой, Баян гол, Байтаг багийн нутаг  дэвсгэрт  60 гаруй өрхийн  өвөлжөө, хаваржаанд  усны халиа, хачир  дэлгэгджээ.  Үүний  улмаас  20 гаруй өрхийг нүүлгэн шилжүүлсэн байна.  Усны  халиа, хачир  дэлгэхэд  голомтыг  нь боох, айл өрхийг  нүүлгэн шилжүүлэх арга  хэмжээ  авдаг  аж.  Ер нь цас их орсон  учраас  шар усны  үер болох  магадлал өндөр  байдаг.  Тиймээс  байдлыг  хянах, урьдчилан сэргийлэх  тодорхой ажлуудыг  зохион байгуулж  байгаа  хэмээн  Булган сумын Засаг дарга, сумын Онцгой комиссын дарга Б.Амгаланбадрах  мэдээлэл өгсөн юм.

Хурлын   үеэр  Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга  У.Хүрэлсүх:  Монгол малыг  эрүүлжүүлэх  үндэсний  хөтөлбөрийн  хүрээнд  Малын гоц  халдварт  өвчний  нэгдсэн судалгаа  хийх,  жил бүрийн  ариутгал,  халдваргүйжүүлэлтийн  ажлын  чанарыг  сайжруулах,  малыг  вакцинжуулалтанд бүрэн  хамруулах,  малын  элдэв  өвчинтэй  гардан тэмцэхийг   Сумын Онцгой комисст   үүрэг  болгосон юм.  Түүнчлэн  хандив,  тусламжаар  ирсэн  өвс, тэжээл, бараа материалыг   яг  хэрэгтэй  эзэнд  нь  саадгүй  хүргэхэд  анхаарал  тавьж  ажиллахыг  хүслээ.

Дарга  хүн асуудлыг  шийдвэрлэх гэж  ажилладаг.  Зовлон тоочих ёсгүй.  Сумын  хүн амын эрүүл мэндийн  аюулгүй  байдлыг  сахин хамгаалах  хийгээд  сум орон нутгийн хөгжилд  чиглэсэн шат шатны  ажлыг  зөв зохион байгуулж,  ажилдаа сэтгэл гарган,  хариуцлагатай  хандахыг  Сумын  удирдах  ажилтангуудад  сануулж  зориуд  тэмдэглэн  хэлсэн  юм. 

Энэхүү  сумын  Онцгой комиссын  хурлын  хүрээнд  аймгийн  Засаг дарга Д.Галсандондог  Шадар сайдад  4  хүсэлт  уламжиллаа. Булган, Үенч, Алтай сумын өвөлжилтын  хүндрэлээс  шалтгаалан  өвс  тэжээлийг   хүргэсэн  тээврийн  хөлс,  шатахууны үнэ 8.3 сая төгрөг, гэмт хэргийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг  хамгаалах байр барихад,  Гоц халдварт  Цэцэг  өвчнийг  таслан зогсооход зарцуулсан  52 сая төгрөг, мялзан өвчинд зарцуулсан 378 сая төгрөг,  зэрлэг ан амьтан 77.5 сая төгрөг нийт  502 сая төгрөгийн зардал гарсан.  Үүнийг  шийдвэрлэхэд  анхаарал хандуулахыг  хүссэн юм

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ