Бөхмөрөн сумын Хар алтат багаас Улсын аварга малчин төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-02-23 13:08:50

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгаас 2017 оны Сар шинийн босгон дээр "Монгол Улсын Аварга Малчин" тав төрсний нэг нь Бөхмөрөн сумын Хар алтат багийн малчин Чойндонгийн Батжаргал юм.

Тэрээр 1951 онд Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, эхнэр, 4 хүүхэдтэй, 1972 оноос Бөхмөрөн сумын нэгдэлд үхэр маллаж байсан бөгөөд одоо хүртэл 43 жил мал маллаж байна. Мал сүргээ байнга өсгөж малынхаа үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд онцгой анхаарч баяд үүлдрийн хуц, Өлгийн улаан омгийн ухныг сайжруулагчаар ашиглаж иржээ. Мал маллах хугацаандаа мал сүргээ 5 төрөлд нь өсгөж, сүүлийн 3 жилд 1105-1615 мал тоолуулж, бодод шилжүүлснээр 338 толгойд хүргэж, сүрэгт хээлтэгч малын эзлэх хувийн жинг бодод 40 хувь, богт 55 хувьд хүргэж, ямааны эзлэх хувийг нийт сүрэгт 29 хувь болгож, хээлтэгч хээлтүүлэгчийн тохироог бүрэн хангасан байна. Мөн малын болон бусад татварыг цаг хугацаанд нь төлж, жил бүр өөрийн хүчээр 10-20 тн өвс бэлтгэхээс гадна мал сүргийнхээ чанарт ихээхэн анхаарч эрүүлжүүлэн, отор нүүдэл тогтмол хийж, мал маллах арга ухаанаа хойч үедээ өвлүүлэн, цөөн малтай иргэдийг малжуулах ажлыг тогтмол хийж иржээ.

Бөхмөрөн сумын Хар алтат багийн малчин Ч.Батжаргалд "Монгол Улсын Аварга Малчин" хэмээх Засгийн газрын нэр хүндтэй шагналыг аймгийн Засаг дарга Д.Батсайхан гардуулан өгсөн бөгөөд Бөхмөрөн сумын удирдлагууд, ард иргэд энэ үеэр Улсын аваргадаа хүндэтгэл үзүүлсэн юм.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ