Хөвсгөлд товлогдсон хангайн бүсийн уралдаан цуцлагдаж магадгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 63-р тогтоолоор Хөвсгөл аймагт энэ сарын 12-нд хангайн бүсийн хурдан морины уралдаан болохоор товлогджээ. Энэ үеэр дээд 3 насны морьдын уралдаан болохоор товлогдсон бөгөөд хүйтний улиралд унаач хүүхдүүдийг эрсдлээс хамгаалах зорилгоор иргэний нийгмийн байгууллагууд хуулийн байгууллагад хандсан учраас уралдаан болох эсэх нь тодорхойгүй байна.
Газар хөлдүү үед хурдан морины уралдааныг зохион байгуулсны улмаас хүүхдүүд бэртэж гэмтэх, амь насаа алдах тохиолдол өнгөрсөн жилүүдэд гарсан юм. Тодруулбал 2013 онд Хөвсгөл аймгийн Цагаан Уул, Рашаант сумдад болсон уралдаанд 2 хүүхэд амь насаа алдаж, 2014 оны уралдаанд 15 хүүхэд унаж хүнд хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэн бол 2015 онд 8 хүүхэд мориноос унаж байсан гэнэ.
Тус аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хурдан морь унаж буй хүүхдүүдийг стандартын хувцас хэрэглэлтэй уралдуулах шаардлагыг уяачид болон холбогдох газруудад тавьж байгаа боловч хүүхдийн хувцас хэрэглэл зардаг дэлгүүр цөөхөн байдаг хувцас хэрэглэл нь ихэнхдээ дуусчихдаг учраас унаач хүүхдүүд 100 хувь хувцасаар хангагдаж чаддаггүйн улмаас бэртэж гэмтэх эрсдэл ойрхон байдаг ажээ.
Б.Гантуяа