Нарны титэмт нүхнээс үүдэлтэй ер бусын соронзон шуурга эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-03-24 12:10:35

САНКТ-ПЕТЕРБУРГ. /TASS/. Дэлхий дээр бага зэргийн хүчтэй ер бусын соронзон шуурга эхэлж байгааг эрдэмтэд тогтоожээ. Ер бусын гэдэг нь, уг шуурга нарны толбо болон нарны салхи байхгүй үед болж байгаа, мөн Нарны экваторын бүслүүрийн босоо титэмт нүхнээс үүсч байгаа явдал юм.

Энэ тухай Оросын ШУА-ийн Дэлхийн соронзон орон, ионы давхарга, радио долгион тархалтыг судлах хүрээлэнгийн Сансрын цаг уурын төвийн дарга Сергей Гайдаш мэдээлжээ.

“Одоо соронзон шуурга болж байгаа нь ажиглагдаж байна. Түүний эрчимжилт нь их биш, таван түвшний эхнийхэд нь хамаарч байгаа болохоор хүний эрүүл мэндэд ноцтой хямрал үүсгэхгүй, багаж хэрэгслүүдийн ажиллагаанд нөлөөлөхгүй. Энэ шуурга юугаараа онцлогтой вэ гэхээр, Наран дээр байнга болдог дэлбэрэлтээс бус харин Нарны экваторт босоо байрладаг титэмт нүхнээс үүсч байгаа явдал юм” хэмээн тэрбээр ярилаа.

Энэ соронзон шуурга маргааш буюу титэмт нүх, Дэлхий хоёр нэг шугам дээр байрлахаа болих үед зогсох аж. Харин 3 дугаар сарын 29-30-нд дахин нэг соронзон шуурга болох төлөвтэй байгаа бөгөөд учир нь дээрх хугацаанд эрчимжилтийн түвшин нь одоохондоо тодорхойгүй байгаа өөр нэгэн корональ нүх Дэлхий рүү чиглэх юм гэж Сергей Гайдаш тайлбарлав.

Сансрын цаг уурын судалгаа 1957 оны 10 дугаар сарын 4-нд ЗХУ Дэлхийн анхны хиймэл дагуул хөөргөснөөр эхэлжээ. Тэр үеийг хүртэл ямар нэгэн аппаратаар ажиглалт хийх боломжгүй байсан юм.

Сансрын цаг уурын төвийн эрдэмтдийн хоёр жилийн турш хийсэн ажиглалтаар, нарны идэвхжилт буурч байгаа бөгөөд нарны идэвхжлийн 11 жилийн мөчлөг нь хоёр жилийн дараа хамгийн доод хэмжээндээ хүрэх ажээ.

О.Барс

 

Холбоотой мэдээ