Гал гарч есөн айл орон гэргүй болж, хоёр хүн хөнгөн түлэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд зэвсэгт хүчний 0167 дугаар ангийн ажилчдын байранд өнөөдөр гал гарч, хоёр хүн хөнгөн түлэгджээ.
"Түмэрт өртсөн уг барилга нь 1970-аад оны үед баригдсан сүүлд засвар хийхдээ модоор карказ босгоод, мондон хавтангаар доторлосон байсан юм билээ. Манай 35 албан хаагч 7 цаг ажиллаж байж бүрэн унтраалаа. Дотор нь байсан хүүхэд иргэдийг аварсан, хоёр иргэн хөнгөн түлэгдсэн нь одоогоор эмнэлгийн тусламж авчихаад байгаа" гэж аймгийн Онцгой байдлын газрын орлогч дэд хурандаа М.Адъяабаатар ярилаа.
Уг барилгыг хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлтийг Мэрэгжлийн хяналтын газар, Онцгой байдлын газрынхан болон Зэвсэгт хүчний 0167 дугаар ангийн галын мэргэжилтэнгийн дүгнэлт гарсан байжээ. Тус байранд зэвсэгт хүчний 0167 дугаар ангийн ажилчид есөн айл амьдардаг байсан гэнэ. Энэхүү түймрийн хохирол болоод түймэр гарсан шалтгааныг тодруулахаар мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа ажээ.
"Орон гэргүй үлдсэн хүмүүсээ анги дотроо байрлуулсан байгаа. Хохирлын талаар мэдээлэл өгөх боломжгүй байна" гэж 0167 дугаар ангийн штабын дарга О.Ууганбаяр хэллээ.
Д.Мишигсүрэн